Өнөөдөр өглөө Индонезийн Бали арлын орчимд 6 магнитудын хүчтэй газар хөдөлж, энд цугласан дэлхийн банк, санхүүгийн салбарын удирдагчид, зочид төлөөлөгчдийг багахан сандаргалаа. Үзэсгэлэнт далайн эрэг, амралт аяллын төв цогцолсон Бали арал дээр Бүлэг 20 орны сангийн сайд нар, олон улсын санхүүгийн байгууллагын удирдагчид, төв банкны захирлууд цуглажээ.
Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн жил бүрийн дээд хэмжээний уулзалт энэ хүрээнд болно. Уулзалтад банк, санхүүгийн салбарын тэргүүлэгчдээс гадна төр засгийн тэргүүнүүд, хэвлэлийн төлөөлөгчид зэрэг 19,000 гаруй зочин уригдан иржээ.
Энэ жил дөрөв дэх удаагаа болж байгаа Бүлэг 20 орны сангийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь ойрын үед хурцдаад байгаа Америк-Хятадын худалдааны дайн юм. Дэлхийд тэргүүлэх эдийн засаг, зах зээлтэй хоёр том гүрний худалдааны зөрчил дэлхийн эдийн засаг, мөнгөний урсгалд нөлөөлнө гэж үзэж байна.
Эх сурвалж: www.g20.org