Саудын Арабын хаант улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман газрын тосны үнэ төсөөлж байгаагүй ихээр нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Ингэхдээ дэлхийн удирдагчид Ираны эсрэг хориг арга хэмжээ авахгүй бол газрын тосны үнэ огцом нэмэгдээд зогсохгүй дэлхийн эдийн засаг унана гэжээ.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Саудын Арабын газрын тосны үйлдвэрүүдэд нисдэг биетээр халдаж дайрсан хэргийг Тегеран үйлдсэн гэж үзэж байгаа юм. Ираны Засгийн газар халдлага үйлдээгүй хэмээн байр сууриа илэрхийлж байгаа ч Саудын Арабын ханхүү газрын тосны нийлүүлэлт хангамжаа зогсоосноор дэлхий дээр урьд өмнө байгаагүй өндөр үнэд хүрнэ гэдгийг хатуу санууллаа.
Ойрхи Дорнодын бүс нутаг дэлхийн эрчим хүчний хангамжийн 30 хувь, дэлхийн худалдааны шилжилт хөдөлгөөний 20 хувь, дэлхийн ДНБ-ий дөрвөн хувийг дангаараа бүрдүүлдэг. Хэрэв энэ гурван чухал үзүүлэлт зогсвол дэлхийн эдийн засаг нурах нь гарцаагүй гэж сануулжээ.
Есдүгээр сарын 14-ний өдөр Абкайд болон Арамко дахь газрын тосны хоёр үйлдвэр лүү нийт 18 дрон, долоон пуужин харвасан гэж үзсэн. Йемений Хоути босогчдын бүлэг халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн ч Америк, Саудын Араб Ираны Засгийн газрыг хоутичуудтай холбоотой тул халдлагын жинхэнэ захиалагч хэмээн буруутгаж байгаа юм.
Угсаа залгамжлах ханхүү Салман CBS телевизийн 60 минутын ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ тухай онцолсон ба нэвтрүүлгийн дундуур хөндөгдөж байсан өөр нэг чухал сэдэв бол сэтгүүлч Жамал Кашоггийн үхлийн нууц байсан юм. Ханхүү Саудын Арабын удирдагчийн хувьд сэтгүүлчийн үхэлд хариуцлага хүлээх ёстой ч аллагыг захиалаагүй хэмээн байр сууриа хамгаалжээ.
Эх сурвалж: www.bbc.com