Бүгд найрамдах Казакстан Улсын Алматы хотын Жамбыл дүүрэгт өчигдөр 47 хүүхэд тээвэрлэж явсан автобус осолдсоны улмаас найман сурагч, нэг багш гэмтсэн гэдгийг тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээс иш татан tengrinews.kz сайт мэдээллээ.
Алматы дахь 134-р сургуулийн гимнастикийн 47 сурагчийг тээвэрлэж явсан автобус орон нутгийн замаар явж байхад зам дээр гэнэт морь гарч ирсний улмаас дээрх осол болсон гэх урьдчилсан дүгнэлт гарсныг тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Энэхүү ослоос хоёр хоногийн өмнө “812 LKB 05” улсын дугаартай автобусны жолооч унтсаны улмаас өмнөө явж байсан тээврийн хэрэгслийг Аягөз дүүргийн Айгыржал тосгоны хурдны замын 812 дахь км-т мөргөсний улмаас хоёр хүн гэмтсэн бөгөөд уг автобусанд Монгол Улсын 14 иргэн зорчиж байсан билээ.