Африкийн Нигери улсын Кадуна хотод барьцаалагдаж биеийн болоод бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан 500 орчим насанд хүрсэн эрэгтэй, насанд хүрээгүй хөвгүүдийг сулласан тухай цагдаагийн газраас мэдээлжээ. Барьцаанаас суллагдсан хүмүүсийн дунд таван настай хүүхдүүд ч байжээ.
Уг байшинд сэжиг бүхий үйл ажиллагаа явагдаж байгаа мэдээллээр цагдаагийн тусгай ажиллагаа явуулсан байна. Цагдаагийн ахмад Аль Жангагийн ярьснаар хүүхдүүд, эрчүүдийг боолчилж, тамлан зовоох газар байсан гэжээ. Хэрэгт холбогдуулан найман сэжигтнийг баривчлан саатуулсны олонх нь исламын сургуулийн багш нар байжээ.
Барьцаанаас суллагдсан хүмүүс хүндээр гэмтэж бэртсэн ба хоол ундгүй өлсөж үхэхэд ойрхон байсан гэв. Зарим нь олон жилийн турш энд хоригджээ. Гаднаас нь харахад исламын шашны сургууль мэт боловч тэднийг барьж хүлэн, хүчирхийлж байсан гэв.
Гэрчүүдийн ярьснаар төрөл төрөгсөд нь тэднийг энд авчирж өгчээ. Исламын шашны сургууль олон байдаг ч тэдгээрийн зарим нь энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагаа явуулж, гудамжинд гуйлга гуйлгах зэргээр тамлан зовоож шийтгэдэг аж.
Эх сурвалж: www.bbc.com