Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Төгс баян хүрээ” ХХК, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгжийн ажил олгогч, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад “Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх” сургалтыг зохион байгууллаа.
Урьд жилүүдэд үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцлийг онолын түвшинд ярилцсан бол энэ удаагийн сургалтаар дээрх зарчмуудыг ажлын байран дээр хэрхэн буулгах, ажлын байрандаа хэрхэн эрсдэлийн үнэлгээ хийх, ажилчдынхаа аюулгүй байдлыг хэрхэн анхаарч ажилладаг талаар нээлттэй ярилцан арга зүйн зөвлөгөө өгч буйгаараа онцлог гэдгийг зохион байгуулагчдын зүгээс дурдлаа.
Аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин ажиллаж, энэ талаарх сургалтуудад ажилчиддаа байнга хамруулснаар үйлдвэрийн осол, эрсдэл багасдаг байна.
Талх, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Стимо” ХХК үйлдвэрийн ослын эрсдлийг багасгах чиглэлээр нийт ажилтнуудынхаа дунд долоо хоног болгон сургалт явуулсны үр дүнд Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийг хамгийн их багасгасан байгууллагаар шалгарсан байна.
Дэлхий даяар жилд үйлдвэрлэлийн ослоор нэг сая гаруй хүн амь насаа алддаг бол манай улсад 200 гаруй хүн үйлдвэрлэлийн ослоор амиа алддаг байна.