Нийтэлсэн:
Admin
5 жилийн өмнө
Орчин цагийн хамгийн хэрэгтэй МЭРГЭЖИЛ гэж юу вэ
Хүүхэд, залуусын мэргэжил сонголтын чиг баримжаа тав, арван жилийн өмнөхтэй харьцуулшгүй болсон. Тэд технологийн үсрэнгүй хөгжлөө дагаад энэ чиглэлд түлхүү сонирхолтой болж, эцэг эхчүүд ч дэмжиж байна. Тэгвэл мэргэжлээ хараахан сонгож амжаагүй өсвөр үеийнхэндээ “Монгол Айди” ХХК ерөнхий захирал, бизнесийн удирдлагын магистр М.Халиунбатын мэргэжил сонголттой холбоотой санаанаас онцлох эшлэлүүдийг хүргэе. Тус компанийн хувьд интернэтэд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэгч үндэсний компани юм. Тэд хамгийн энгийн, хялбар шийдлийг агуулсан аппликейшнийг эх хэл дээрээ хөгжүүлэхийн зэрэгцээ дижитал амьдралын хэв маягийг түгээх, нэвтрүүлэх зорилготой ажилладаг.
"Орчин цагийн хамгийн хэрэгтэй МЭРГЭЖИЛ гэж юу вэ" санаанаас ОНЦЛОХ ДОЛООН ИШЛЭЛ
- Ирээдүй гэж юу вэ. Энэ бол мэдээллийн технологи.
- XXI зууныг хамгийн хүчтэй хөдөлгөж, өөрчилж байгаа зүйл бол мэдээлэл технологийн салбар. Та мэдээлэл технологийн мэргэжил эзэмшсэнээр хэзээ ч хүнд байдалд орохгүй. Энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж хэрэггүй.
- Англи хэл сур, кодны ур чадвар эзэмш. Ингээд гараад ирвэл дэлхийн хэмжээний цалин хөлстэй ажиллах боломжтой. XXI зууны хүүхдүүдийг өнгөрсөн зууны сэтгэлгээгээр бэлдэж болохгүй. Хүүхдүүд 2030, 2040... он гээд ирдээдүйд амьдарна. Тэр үед мэдээллийн технологи гол технологи байна гэдгийг ойлгох ёстой.
- Суурь сайтай хүүхэд ганцхан жилийн дотор код бичдэг болох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, мэдээлэл технологийн салбар богино хугацаанд эзэмшиж болдог
ур чадвар юм. Залуучуудыг англи хэлтэй болгоод алгоритм сэтгэлгээг нь хөгжүүлж, код бичдэг болгочихвол амьдрал нь тэс өөр түвшинд хүрнэ.
- Орчин цагийн залуус зайлшгүй англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Учир нь дэлхий дээр шинээр бий болж байгаа мэдлэгийн 70 хувь нь англи хэл дээр байна. Мөн хүн төрөлхтний хуримтлагдсан нийт мэдлэгийн 65 хувь нь энэ хэл дээр байгаа. Тиймээс англи хэлийг автоматаар сурах хэрэгтэй.
- Эцэг, эхчүүдийн хувьд албан ёсны боловсролын тогтолцоонд битгий найд. Их, дээд сургуулийн дөрвөн жилийн боловсролын тогтолцоо өнөөдөр агуулга, концевцын хувьд хуучирсан.
- Ирээдүй маш хувьсамтгай болж байна. Өөрөөр хэлбэл, энэ зуунд хэрэгтэй хамгийн чухал чадвар бол өөрчлөлтөд дасан зохицох чадвар. Шаардлагатай мэдээллийг өөрөө олоод авдаг, өөрийгөө хөгжүүлээд явж чаддаг байх зайлшгүй шаардлага байна. Ийм л иргэн бидэнд хэрэгтэй.
Д.Цэцэг