Дэлхийн хамгийн ахмад үсчин Энтони Манчинелли Нью-Йоркод амьдардаг байжээ. Тэрээр 96 жил хүний үс засаж, 108 насалсан байна. Хамгийн ахмад үсчнээр Геннисийн номд бүртгэгдсэн Манчинелли есдүгээр сарын 19-ний өдөр таалал төгсжээ.
2018 онд Геннисийн номд хамгийн өндөр настай, олон жил ажилласан мэргэжлийн үсчнээр бичигдсэн тэрээр эрүүний хавдраар өвчилсан байна. Хүү Робертын ярьснаар тэр 100 гаруй наслахдаа нэг ч удаа амарч, ажлаа хойш тавин, тэтгэвэрт гарч үзээгүй гэжээ.
Найман настайгаасаа үсчний газарт шал шүүрдэн ажилд орж, 12-тойдоо гэр бүлдээ туслахын тулд үс хайчилж эхэлжээ. Тэр Ньюбургийн дунд сургуульд орсон ч хэзээ ч төгсөж байгаагүй гэнэ. Роберт “аав минь ажилдаа хайртай байсан. Хүн бүр түүнийг нь хүндэлж хайрлан дэлхий даяараа мэддэг болсон” хэмээн ярьжээ.
Манчинелли энэ жилийн хоёрдугаар сард хорт хавдартай гэдгээ мэдэхээс өмнө амьдралынхаа ихэнх хугацааг өвчин шаналалгүй, эрүүл өнгөрөөсөн байна. Таалал төгсөхөөсөө зургаан долоо хоногийн өмнө бие нь тавгүйрхэж амралтаа авчээ. Тэр хүртэл өөрийн дуртай ажлаа хийсээр байсан юм. Амралтаа авсныхаа дараа ч эргэж ажилдаа орно гэж төлөвлөж байжээ.
Манчинеллиг 1923 онд үсч засч эхлэхэд 25 центийн төлбөртэй байсан бол Нью Виндсорын Фантастик Катс үсчинд 19 ам.доллараар үс засдаг болсон байна. Үсчний газрын эзэн Жэйн Дениззагийн хэлснээр тэр домог байсан учраас дурсгалыг нь хүндэтгэж сандлыг нь хураалгүй үлдээжээ.
Эх сурвалж: www.cnn.com