Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүр тусгай зориулалтын ангийн зөвшөөрлийг баталдаг. Энэ жил Увс аймагт л гэхэд 10 угалз агнуулах зөвшөөрөл олгожээ. Гэвч Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан хууль зөрчин, Дархан цаазат газарт угалз агнах зөвшөөрлийг гадаадын анчдад олгосон талаар "Гулзатын санаачилга" ТББ-аас бидэнд мэдээлэл ирүүллээ.
Тэдний өгсөн мэдээллээр, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгоогүй байхад Ховор амьтан болох угалзыг гадаадын анчнаар /АНУ-ын анчин John Amistosa lee. Норвеги улсын анчин Аnsten Ostbye нарт/ хууль бусаар, хулгайгаар агнуулж орон нутгийн байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүдэд мэдэгдэхгүйн тулд ууланд нуужээ. Хулгайн агнуурыг Увс аймгийн Бөхмөрөн суманд хийсэн байна.
Ингэхдээ хоёр ч угалз агнуулжээ. Уг хэрэг энэ 9-р сарын 20-ны өдөр гарсан ч Увс аймгийн Цагдаагийн газар, хилийн отряд, заставынхан нууцалсаар байгаа аж.
Уг нь Увс аймгийн Цагдаагийн газраас тухайн үед Хилийн бүсэд зөвшөөрөлгүй хууль бус ан агнуур хийгдэх мэдээлэл авч газар дээр нь урьдчилан сэргийлж зорилгоор ажилласан ч хууль бус ан агнуурыг "нүдээ аниад" өнгөрчээ. Үүнийг анчдаас хахууль авсан үйлдэл гэж “Гулзатын санаачилга” ТББ-ынхан үзэж байна.
Харин гадаадын анчид агнасан аргаль, угалзынхаа эврийг нэхэн Увс аймгийн “Үүрэг нуур” жуулчны бааз дээр багагүй уджээ.
Эдгээр гадаадын анчдыг Монгол талаас "Гайхамшигт Алтайн адал явдал" ХХК-ийн захирал Х.Ивгээл, ”Ягд энд тур” ХХК-ийн захирал Ц.Бямбахишиг нар удирдан явсан байна.
Тиймээс хууль бус үйлдэл гаргасан дээрх хоёр компанийн үйл ажиллагааг таслан зогсоож, ан агнуур эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авахыг БОАЖЯ-аас шаардаж байгаа ажээ.
Шат шатны шүүхийн шийдвэрийг үл тоон “ХУУЛЬ БУС” Гулзатын нөхөрлөлүүдийн холбоотой байгуулсан компаниудын гэрээг баталж, лиценз олгосон БОАЖ-ын сайд Н.ЦЭРЭНБАТ, түүний хамтрагч Засаг дарга Д.Батсайхан нарт Монгол Улсын шүүхийн шийдвэрээс “ТОМ” ямар ашиг сонирхол байгааг Увс аймгийн нөхөрлөлийн 500 гаруй гишүүд, олон нийтэд ил болгож хатуу хариуцлага тооцохыг ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ-ээс шаардаж байна! гэжээ.
"Гулзатын санаачилга" ТББ-аас ирүүлсэн зураг
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, "Гулзатын санаачилга" ТББ анх 2008 онд байгуулагдаж Монгол улсын Ховор амьтны жагсаалтад орсон аргаль угалзын Увс аймаг дахь байршил бүс нутаг болох Бөхмөрөн, Сагил сумдын нутаг дэсвгэрийг хамарсан нутгийг хамгаалах, аргаль угалзыг өсгөн үржүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүний үр дүнд 200 гаруй толгой байсан аргаль, угалз одоо 2000 толгойд хүрсэн байна.
Гэтэл Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан өөрийн жолооч Зодовын Барсүрэнгээрээ "Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" нэртэй ТББ-ыг байгуулж 2017, 2019 онуудад "Гулзатын санаачилга" ТББ-аас Агнуурын бүс нутгийг нь булаан авч, Увсын Угалзын ан агнуураар жил бүр 10 толгой Угалзыг БОАЖЯ-тай хуйвалдан гэрээ батлуулан хууль зөрчин агнаж эхэлжээ.
Иймд "Гулзатын санаачилга" ТББ-аас шүүхэд хандаж, 2018 онд ТББ-ын талд шүүхийн шийдвэр гарсан байтал Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан 2019 оны 3-р сард дахин А/162 тоот захирамж гарган Агнуурын бүс нутгийг дахин булаан авчээ. Энэхүү маргаан 2019 оны 7, 8-р сард шат шатны шүүхээр орж эцэслэгдэн хуучин эзэмшиж байсан “Гулзатын санаачилга” ТББ-ын талд шийдвэрлэгдэн ч хууль зөрчигчид хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, Монгол улсын дархан хилийн бүсэд гадаадын иргэдээр хоёр угалз агнуулжээ.
Шүүхийн шийдвэр
"Гулзатын санаачилга" ТББ БОАЖЯ, ХЗДХЯ, шүүх, цагдаа зэрэг холбогдох бүх газруудад ханджээ