Олон цагийн нислэгийн үеэр бага насны хүүхдүүд тавгүйрхэж орилж чарлан, уйлах нь зарим зорчигчдын хувьд байж болох асуудал ч цөөнгүй нь ундууцаж бухимдаж эхэлдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Japan Airlines суудлын захиалгадаа бага насны хүүхдүүд аль хэсэгт сууж байгааг харж болох шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ.
Хэрэв зорчигчид бага насны хүүхдийн орилоон, уйлаанаас зугтаж байвал “хүүхэд” гэсэн тэмдэгтэй суудлуудаас хол суудал захиалахад болох юм. Онгоцны суудал дээр тавьсан уг тэмдэг нь 0-2 настай хүүхдүүдийг илэрхийлж байгаа ажээ. Бага насны хүүхдээс төвөгшөөдөг зоригчдын хувьд 10 болон түүнээс дээш цагийн нислэгт бага насны хүүхдүүд хаана сууж байгааг мэдэх нь таатай санагдах болсон байна.
Харин зарим иргэд зорчигчдыг тэвчээртэй байхыг уриалжээ. Хэрэв танд хүүхдийн чимээ шуугиан үнэхээр төвөгтэй санагдаж байвал чихэвчээ зүүхэд л хангалттай хэмээн зөвлөсөн байна.
Японы нислэгийн компанийн зүгээс суудал дээр тэмдэглэсэн “хүүхэд” гэсэн тэмдэглэгээ нь баталгаатай бус урьдчилсан захиалга тул нислэгийн үед өөрчлөгдөж болзошгүй гэдгийг зорчигчдад нэмж анхааруулжээ. Flyingwithababy.com цахим хуудсанд нийтэлснээр гэр бүлд хамгийн ээлтэй нислэгийн компаниар Etihad-ийг нэрлэжээ. Тус компани эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийн тэргийг үнэгүй хэрэглүүлдэг байна. Мөн Emirates, Gulf Air компаниуд гэр бүлд ээлтэй нислэгийн компаниудын жагсаалтад дээгүүр бичигджээ.
Эх сурвалж: www.bbc.com