Франц улсын Ерөнхийлөгч асан Жак Ширак 86 насандаа таалал төгссөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Түүний хүргэн AFP агентлагт мэдээлснээр Жак Ширак пүрэв гарагийн өглөө гэр бүлийнхнийхээ дунд тайван нойрссон гэжээ.
Тэрээр хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж, Ерөнхийлөгчийн албан тушаалд улиран сонгогдож байсан төдийгүй Франц улсыг Европын Холбооны мөнгөн тэмдэгтийг ашигладаг болгосон хүн юм. Ширакийг үе үеийн төрийн тэргүүнүүдээс ард түмний хайр хүндлэлийг хамгийн их хүлээсэн эрхэм хэмээн нэрлэжээ. Гэвч Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэж өгснөөс хойш хээл хахуулийн хэрэгт холбогдож байсан юм.
Өнөөгийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон агуу франц эр бурхны оронд хальсанд эмгэнэл илэрхийлжээ. Үндэсний Ассамблейд минутын турш дуугаа хурааж хүндлэл үзүүлсэн байна. 2003 онд АНУ-ыг Иракт дайран ороход хамгийн их эсэргүүцэж байсан төрийн зүтгэлтнүүдийн нэг Жак Ширакийн амьдралын 50 орчим жил Францын улс төртэй холбоотой.
Ирэх долоо хоногийн даваа гарагт Парисын Saint-Sulpice сүмд олон нийт Ерөнхийлөгч агсныг алсын замд нь үдэж, улс орон даяар гашуудал зарлах юм байна. Пүрэв гарагийн шөнө алдарт Эффелийн цамхаг Парис хотын экс хотын даргаар ажиллаж байсан Ширакын таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлж хоёр цаг орчим гэрлээ унтраажээ.
Европын Холбооны удирдлагууд, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын экс төрийн тэргүүнүүд зэрэг нэр хүндтэй эрхмүүд эмгэнэл илэрхийлсэн байна.
Жак Ширак нь 1932 онд банкны менежерийн гэрт мэндэлжээ. Харвардын их сургуулийг төгсөж, 1995-2007 оны хооронд Францын төрийг хамгийн удаан барьсан хоёр дахь Ерөнхийлөгч болжээ. Улс төрөөс холдсоноос хойш эрүүл мэндийн байдал нь муудсаар, 2014 онд олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжгүй болсон гэж түүний эхнэр, Франц улсын экс тэргүүн хатагтай Бернадетт мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: www.bbc.com