УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн парламентыг хугацаанаас нь өмнө тараах саналтай байгаа. Иймдээ ч гарын үсэг цуглуулж нэгдсэн байр суурьт хүрснээ илэрхийлсэн. Гарын үсгийн тоо 51-д хүрвэл УИХ-д өргөн мэдүүлэх нөхцөл байдал үүснэ. Энэ талаар УИХ, Засгийн газрын гишүүн Н.Цэрэнбатаас тодрууллаа.
-УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудалд таны байр суурийг сонирхъё. Засгийн газар кабинетаараа дэмжиж гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна?
-Парламентын засаглалын эрх мэдлийн хуваарилалт дээр бид шинэ байгаад байна. Парламентын засаглалтын оронд олонх болсон улс төрийн намын дарга ээлжит бус сонгууль явуулах уу, үгүй юу гэдгийг санал оруулах эрхтэй байдаг.
Одоогийн манайд мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал тусгагдаагүй. Аливаа улс орны өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд санал зөрөлддөг.
Парламентад олонхыг бүрдүүлж байгаа намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгийнхээ дагуу энэ бодлого зөв бурууг ард түмнээс асуудаг. Үнэхээр зөв гэж байгаа бол дахин сонгуулиар тухайн нам олонх болбол бодлогоо авч явж улс орны иргэдийн амьдралыг шийддэг жишигтэй. Гэтэл бид хуулиараа тэр эрхийг Ерөнхий сайдад өгөөгүй.
Олон жил энэ байдлыг цэгцэлье гэж ярилаа. Үр дүн гарсангүй. Ямар нэг маргаангүйгээр асуудлыг шийдээд урагшаа явмаар байна. Төрийн гурван өндөрлөг гурван тал руу зүтгэдэг. Бид хэзээ энэ алдаанаас гарах юм.
Нийгэмд тулгараад байгаа эрүүл мэнд, боловсрол, замын түгжрэлийг хэзээ шийдэх вэ. Заавал дөрвөн жил засагласны дараа шийдэх ёстой юм уу эсвэл зургаан сарын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ээлжит бус сонгуулийг нөхөн зарлая гэж байгаа бол зарлаад маргаангүйгээр урагшилмаар байна.
Яагаад хориг тавьсныг үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ахиц гарсан ч хариуцлага эрх мэдлийг тэнцвэржүүлэх асуудал тодорхой болсонгүй. Гэхдээ би парламент тарахыг дэмжиж гарын үсэг зурна.
-Та гарын үсгээ зурсан уу?
-Гарын үсэг цуглуулаад байдаг юм биш. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандах ёстой.
Өнөөдрийн бидний алдаа нэгдэж чаддаггүйд оршиж байна. Тийм учраас хэнд Монголын ард түмэн итгэж байгаа, ямар намын бодлогыг дэмжиж байна вэ гэдгээ л үзье гээд байгаа юм.
Түүнээс их хурлын 76 хүн дахиж сонгогдъё гээд ээлжит бус сонгууль зарлана гэсэн асуудал биш. Бид нэгдэж чадахгүй байгаагаас өнгөрсөн 20 гаруй жил гоё мөрөөдөлтэй амьдарч ирлээ. Хэрэгжилт байхгүй байна шүү дээ. Хүн амын дийлэнх болсон залуус юу хүсэж байна вэ. Тэдний хүсэл зоригийг хангахуйц улс төрийн хүчин хэрэгтэй байна.
-УИХ хугацаанаасаа өмнө тарахыг дэмжихгүй байгаа юу гэдэгт хариулт авмаар байна?
-УИХ-ын гишүүд парламентыг хугацаанаас нь өмнө тараах гэж байна гэсэн ойлголт яваад байна. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр зөвшилцөөд УИХ-ыг тараах асуудлыг оруулж ирээд, гишүүдийн олонх дэмжвэл тарна.
Хэрвээ ээлжит бус сонгууль зарлана гэдэг асуудал орж ирвэл би дэмжинэ. Энэ маргаанд цэг тавих хэрэгтэй. Улстөрчид энэ асуудлыг зөв, буруу гэж их ярьж байна. Тэд яагаад зөв, буруу гэдгээ тайлбарлах ёстой. Энэ зөв гээд сохроор дагадаг үе өнгөрсөн.
-Ерөнхийлөгчийн хоригтой та танилцсан уу?
-Албан ёсоор танилцаагүй байна. Яагаад хориг тавьсныг үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ахиц гарсан ч хариуцлага эрх мэдлийг тэнцвэржүүлэх асуудал тодорхой болсонгүй. Гэхдээ би парламент тарахыг дэмжиж гарын үсэг зурна.
С.Заяа