СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-27

LIVE: “Мэдээллийн хүртээмж-Хэнийг ч үл орхигдуулна” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Мэдээллийн түгээмэл эрхийн олон улсын өдрийг ЮНЕСКО-ийн 2015 онд хуралдсан 38 дугаар ээлжит чуулганаар жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэж байхаар баталсан бөгөөд энэ жилийн хувьд тус өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл төв хамтран ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Канадын элчин сайдын яам болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Open Talks 2019” үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулж байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө нь Тогтвортой хөгжлийн зорилгын “Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг хангах, суурь эрх чөлөөг хамгаалах” гэсэн 16.10 дахь дэд зорилтын хүрээнд багтдаг.

ТХЗ-ын 16.10 дахь дэд зорилт нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтын тухай мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэдгээрийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Гагцхүү мэдээлэлтэй иргэд л эерэг өөрчлөлтийн төлөө утга учир бүхий дэвшилд хүрэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж, мониторинг хийхэд оролцох чадавхтай болно. Ийм ч учраас ТХЗ-ын 16.10 дахь дэд зорилт, түүнчлэн 2030 он хүртэлх зорилгуудад хүрэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид чухал үүрэгтэй.

“Open Talks 2019” үйл ажиллагаа нь мэдээлэл авах эрх нь хүний суурь эрх болохыг бодлого боловсруулагч, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, олон нийтэд ойлгуулах, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх болон ил тод, нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжийн талаарх хэм хэмжээ, бодлого, эрх зүй, зохицуулалтын заалтыг бэхжүүлэхэд төрийн хүсэл зоригийг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

“Open Talks 2019” нь дараах гурван сэдвийг чухалчилна. Үүнд:

  • олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжийг Монгол улсад хэрэгжүүлэх нь;
  • практикт тулгарч буй хязгаарлалт, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт;
  • нээлттэй мэдээлэл ба ил тод засаглал.

Европын холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Марко Ферри:

Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах, мэдээллийн хүртээмжтэй байдлыг бэхжүүлэх зорилгоор бид Глоб интернэшнл ТББ-тай хамтран ажиллаж байна. Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө тасралтгүй ухарсаар байна. 2015 онд 54 дүгээр байранд байсан бол 2019 онд 70 дугаар байранд орж ухарлаа.

Монгол Улсын иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл авах эрхээ сайжруулахын тулд дараах зургаан зүйлийг хийх ёстой. Монгол Улс хэвлэл мэдээлэл, цахим орчинд маш өргөн хязгаарлалт тавьсан. Төрийн нууцын тухай хуулиа  олон улсын пактын зүйл заалтад нийцүүлэхгүйгээр хэт өргөн тавьсан. Гүтгэх заалтыг эрүүгийн хуулиас хассан гэх боловч эрүүгийн хуульд тухайн зүйл заалтууд одоо хүртэл байна. Гүтгэх нь зүйл заалтаар барьцаалж иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нухчин дарах үйлдэл хийж байгаа. Сэтгүүлчид, иргэдийг дарамтлах заналхийлэх үйлдэлд нь тохирсон ял шийтгэлийг оноохгүй байсаар байгаа. Хүүхдийн хөгжил, боловсролын хэрэгцээ шаардлагын хөгжлийг харгалзан үзэж агуулгаа шинэчлэх шаардлагатай болсон. Монгол Улс хүүхдийнхээ нас хөгжлийн онцлогт тохирсон мэдээллийн агуулгыг бий болгох үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулж чадахгүй байна. Брайл үсгийнхээ хүртээмж тун тааруу, дохионы хэлээр мэдээгээ нэвтрүүлдэг ганцхан телевизтэй байна. Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр бол хүмүүсийн эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, иргэдийг хяналтыг сайжруулах онцгой үйл ажиллагаа юм.

ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн сүлжээний бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа:

Тогтвортой хөгжлийн зорилт 2020-2030 хөтөлбөрийн зорилтыг хангахад энэхүү арга хэмжээ онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Монголын иргэд өөрсдөд хэрэгтэй мэдээллээ олж авах эрх хангалтгүй байна. Аливаа мэдээллийг ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр олж авах нь ардчиллыг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэгтэй байдаг. Мэдээллийн хүртээмжийг сайжруулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон жишиг цахим сайтуудыг бий болгох, текстийг аудио болгон хөрвүүлдэг программыг нэвтрүүлэх, телевизийн сувгууд дохионы хэлийг өргөн ашигладаг болгох зэрэг олон ажлыг хийх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан хэн ч бай мэдээллийг тэгш авах боломжийг хангах цаг болсон.

“Де Факто” институтын захирал Д.Жаргалсайхан:

Иргэд мэдээлэлгүй байгаа нь авлига өсөн нэмэгдэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. УИХ-ын гишүүд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг ЖДҮДС-аас авдаг байсан нь өнгөрсөн жил гэнэт илэрсэн. Хэрвээ иргэд эртнээс мэдээлэлтэй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан. Монголд төрийн мөнгөнөөс хумсалсан, хулгайлсан төрийн өндөр албан тушаалтан ял шийтгэл авсан тохиолдол байхгүй.

Бид мэдээлэл гэдэг зовлонтой зууралдаад тэмцээд ядаж байхад хорвоо ертөнц хуурамч, худал мэдээлэлтэй тэмцэж ядаж байна. Авлигач албан тушаалтнуудтай тэмцэх механизм монголд туйлын хангалтгүй байгаа. АТГ-аас шалгаад прокурорт шилжүүлсэн хэрэг шүүх дээр очоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байна. Хуулийн хариуцлага хүлээдэггүй учраас төрийн өндөр албан тушаалд гарсан цөөн хэдэн хүн дураараа хулгайлдаг болж. Бид харин яг л загас шиг байна.

Таны ажиллаж ажиллаж авсан цалингийн чинь гуравны нэгийг төр татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэртэйгээр авчихдаг. Тэрхүү мөнгөө хөгшрөхөөр чинь тэтгэвэр хэлбэрээр, өвдөхөөр чинь тэтгэмж хэлбэрээр өгнө гэдэг боловч өгдөггүй. Ийм болохоор чинь монголын залуучууд эх орноосоо дүрвээд байна. БНСУ-д яг одоо 200 мянган иргэн хар бороор ажиллаж байна.

Үгээ хэлэх эрхгүй, төрийн өндөр албан тушаалтанд нөлөөлөх байхгүй байна. Төрийн албан тушаалтнууд бүх мэдээллийг нууц гээд заачихаад байгаа. 1996 онд 22 төрлийн мэдээллийг нууц хэмээн иргэдээс нууцалдаг байсан бол өнөөдөр 560 төрлийн мэдээллийг нууц хэмээн нууцалж байна.

Дэлхийд хууль батлагчид нь өөрсдөдөө ашигтай хууль батлаад өөрсдөө шамшигдуулан завших боломжтой ганцхан улс байгаа нь Монгол Улс. Яармагийн газар, Зайсангийн газрыг хэнд ямар өртгөөр яаж хэрхэн өгсөн нь бүгд нууц. Байгаль хамгаалах яамыг байгалийг хамгаалахгүй байгаа. Харин байгаль дэлхийгээ бид Байгаль орчны яамнаас хамгаалах цаг болж. Туулын бургасыг шудсан, Богд уулыг бузарласан бүх ажлыг Байгаль орчны яам чинь хийгээд байна. Бид харалган сохор болчихсон юм уу. Нүдэн дээр чинь ийм ёс бус авирлаж байхад бид таг дуугүй байсаар л байна шүү дээ.

Өнөөдөр БНСУ-д хараар ажиллаж байгаа 200 мянган иргэн жилд 320 сая ам.долларыг эх орон руугаа ах дүүс рүүгээ шилжүүлж байгаагийн буянд долларын ханшаа бид алдчихгүй байгаад байна. Энэ бүхнийг өөрчлөх ярих цаг болсон.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.