Манай улсын зах зээл дээр олон төрлийн тураах бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа ч биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зарахаар бол заавал Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг.
Тэгвэл эмэгтэйчүүдийн дунд эрчимтэй тураах, байгалийн гаралтай гэгддэг “Л-Карнитин 360”, “Л-Карнитин 360 оригинал” бүтээгдэхүүн нь гарал үүсэл нь тодорхойгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй борлуулж байгааг МХЕГ-аас илрүүлжээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн 7-р хороо, ГССҮТ-ийн байранд байрлах "МЭИК" ХХК-ийн салбар эмийн санд “Л-Карнитин 360”, “Л-Карнитин 360 оригинал” нийт 480 мянган төгрөгийн бүтээгдэхүүн зарж байсныг илрүүлж, улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцжээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд эм импортлох тусгай зөвшөөрөлгүй байгууллагаас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн авч борлуулахгүй байх, зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.
Аливаа биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авахаар бол Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл бүртгэгдсэн эсэхийг энд дарж лавлан харж болно.