Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой цаг үеийн болон, улс төр, хувь хүн, ардчиллын тухай ярилцах завшаан олдсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
Ардчиллын үнэ цэнийг хамгаалдаг хүн гарын таван хуруунд багтаж байна, “Хонхны дуу”-г дахин дуулах цаг болжээ
-Ц.Элбэгдорж гэж хувь хүн талаасаа яг хэн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Нийгмийн уур амьсгалыг анзаарах нь ээ мэдээж эерэг, сайнаар хардаг нь өчнөөн ч таныг муу дүрийн баатар болгочихсон хүмүүс түүнээс ч дутахгүй олон байдаг. Яагаад, ямар шалтгаанаар ингэж харагдах болов оо, та хувь хүн талаасаа тийм муу хүн үү, эсвэл өөр шалтгаан байна уу?
-Та хувь хүнтэй маань холбоотой энгийн асуулт тавьж байгаа учраас, энгийнээр хариулъя гэж бодож байна. Би байдгаараа л байгаа.
-Сошиалаар Ц.Элбэгдорж шиг муу хүн байхгүй мэт сэтгэгдэл төрөхөөр пост, жиргээ их харагддаг. Цахим ертөнцийн жиргээ, сэтгэгдлээр багцаалдвал муу дүрийн баатруудын нэг шүү...?
-(Инээв) Яах вэ, хүмүүс угаасаа л намайг элдэв янзын дүрд хувиргаж гол баатар нь мэтээр харуулж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал, твиттрээр балбаж л байдаг юм. Тэглээ гээд Элбэгдорж байдгаараа л байна. Муу зүйл хийж муу хүн болчихгүй байх. Миний үнэт зүйл, байр суурь зарчим хэвээрээ. Би нэг л зүйл хэлье. Өнөөдөр би муу хэлүүлж байгаа бол би нэртэй, мөртэй, хийсэн зүйлтэй яваа гэсэн үг. Ц.Элбэгдорж гэдэг хүн сайн зүйл хийжээ, Монголын ардчилалд хувь нэмрээ оруулжээ гэж үнэлэх боломж тэр бүх шүүмжлэлийн цаана бий гэж харж байна. Ердөө л энэ. Иймд би харин ч баярлах ёстой. Учир нь намайг хэчнээн харлуулсан ч, хэдэн арван жил, магадгүй зуун жилийн дараа ойлгох үе ирнэ. Тийм цаг холгүй гэдэгт би итгэдэг. Тэр үед “Тухайн цагийн монголчууд зөв сонголт хийж байжээ” гэсэн дүгнэлтийг үр хойч маань хийнэ гэдэгт эргэлздэггүй. Тийм л ирээдүйн төлөө би зогсч байгаа. Бүр тодруулбал 1000 жилийн дараа зөвөөр үнэлэгдэх үйл явцын төлөө би зогсч байгаа. 800 жилийн өмнөх, Их Монгол Улсыг байгуулж явсан хүмүүсийн алдар сууг бид өнөөдөр бахдаж суугаа. Яг үүнтэй адил үйл явц. Өнөөдрийн энэ их харлуулалт 200 жилийн дараа, бүр өөдрөгөөр бодвол магадгүй 50 жилийн дараа байхгүй болно. Үнэнийг зөвхөн цаг хугацаа л шүүдэг, харуулдаг. Миний зүтгэж, бодож, зүрх сэтгэлдээ эрхэмлэж явдаг үйлс бүхэн тодорхой хэмжээгээр үлдэнэ. Би үүний л төлөө яваа. Тийм учраас сэтгэлээр унадаггүй.
-Дайралт, харлуулсан мэдээлэл бүрд хариу тайлбар өгөхгүй яваад байхаар бүр дэврээд байдаг юм биш үү?
-Сэтгэлээр унахгүй урагшлаад байгаа минь намайг харлуулах гэж улайрч яваа хэсгийн хор шарыг гозолзуулж, дургүйг нь хамгийн ихээр хүргэдэг байх. Гэхдээ юу гээч, тэднийг дайрах тусам би илүү их эрч хүчээр цэнэглэгддэг. Миний үзэл бодол хийж буй зүйлсийг чин сэтгэлээсээ тууштай дагаж, дэмждэг хүмүүс хэзээ ч надаас урваагүй, яваагүй. Хүмүүс надад итгэж, үзэл бодлыг минь хүндэтгэж, тууштай дагаж яваад баяртай, сэтгэл дүүрэн. Тэр хүмүүсийн хатуу, гайхамшигтай, итгэл үнэмшил надад сайхан санагддаг.
Засаглалын хэлбэрээ сонгох эрх чөлөө биднээс биш геополитикоос хамаарна
-Та хоёр удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан хүн. Таны хийсэн эхлүүлсэн ажил үргэлжилж байна уу? Эсрэгээрээ алдагдах эрсдэлд орчхоод яваа юу?
-Төрийн ажил үргэлжлэх ёстой, тасарч үл болно.Үргэлжилж байгаа гэдэгт итгэдэг. Тухайн үед миний хийж байсан олон ажил Монголын ард түмэнд хэрэгтэй учраас би зүтгэж явсан. Би нэг зүйлд баярладаг. “Монголын медиа” корпорацын “Ардын үг” аяны хүрээнд би бүрэн эрхийн хугацаа буюу найман жилд хийсэн ажлаа салбар тус бүрээр сэдэвчлэн хэлэлцүүлж, иргэдээр дүн тавиулсан юм. Эндээс харах нь ээ хүмүүс аливаа асуудлыг ойлгоод ирэхээрээ тухайн, шийдвэрийг зөв гэж хардаг юм билээ. Бүр тодруулж хэлбэл хүмүүст мэдээлэл зөв хүрэх тусам юмсыг илүү эерэгээр ойлгож хүлээж авдгийг тэр үед тод анзаарсан. Миний гүйцэтгэсэн ажлуудаас үргэлжлээд явж байгаа олон зүйлүүд бий. Би үүнд талархалтай хандаж байгаа. Түүнээс бидний нэг хэсэг нь Монголыг нураах гээд нөгөө зарим нь босгох гээд яваа зүйл байхгүй. Эх орондоо сайн үйл бүтээх гэж өөр өөрийн байр сууринаас хандаж байгаа л улсууд. Харин энэ байр суурь дээр нь зарчмын зөрүү байж магадгүй. Яг цаад сэтгэл нь бүгд Монголын төлөө гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Ер нь бүх зүйлийг хүн бүр нэг өнцгөөс харна гэж байхгүй шүү дээ.
Бид хоёр хөршөөсөө өөрөөр харагдах ёстой юм
-Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих ёстой гэсэн байр суурь илэрхийлэх хүмүүс дээрээ ч доороо ч байна. Ер нь Ерөнхийлөгч, парламентын засаглалын аль нь Монголын хөрсөнд зохицох вэ, таны зүтгэж эхлүүлэлцсэн ардчиллын суурь зарчим Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол лав алдагдаж таарах байх...?
-Таны сая хөндөж асуусан энэ асуудлын тухай яриа хөөрөө бүр анх 1990 онд гарч, яригдаж байсан зүйл. Үндсэн хуулиа батлах үед энэ хоёр засаглалын аль нь манай хөрсөнд сайн суух бол гэсэн яриа, мэтгэлцээн өрнөж байсан. Маш товчоор хариулъя. Бид ОХУ, БНХАУ гэсэн хоёр гүрний дунд оршдог. Хоёр хөрш маань парламентын засаглалыг сонгох боллоо гэж төсөөлье. Хоёулаа парламентын засаглалтай болчихвол бид засаглалаа яах вэ гэж хэлэлцэх хэрэгтэй байх. Гэтэл хоёр хөрш өнөөдөр тоталитар засаглалтай. Ийм үед бид сонгож авсан зам дээрээ хатуу тууштай зогсох ёстой. Тэгээд ч засаглалын хэлбэрээ сонгох эрх чөлөө нь зөвхөн биднээс биш, геополитикийн газар зүйн, улс төрийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Бид хоёр хөршөөсөө өөрөөр харагдах учиртай юм. Тухайлбал хөх өнгөтэй харагдах ёстой бол бид хөх өнгөн дээрээ байх ёстой. Шаргал өнгөтэй орших ёстой бол бид алт шиг гялалзаж харагдах хэрэгтэй. Энэ хоёрын дунд байгаа өнгө нь өөрөө сувд шиг байх ёстой. Хоёр хөрш маань улаан харагдаж байгаа бол бид дунд нь хөх харагдах ёстой гэж хэлэх гээд байна л даа. Ингэж байж Монгол туургатан оршин тогтноно. Энэ асуудлыг одоо биш олон жилийн дараа яримаар санагдаад байгаа юм.
-Өнөөдрийн халуун сэдэв гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт тойрсон өнцгүүд байна. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болчихсон уу?
-Үндсэн хуулийн ажлын хэсгийн гол бүрэлдэхүүнийг тэр үеийн Улсын бага хурлын гишүүд бүрдүүлж байсан. Тухайд үед Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж, Үндсэн хууль батлах боловсруулах бүх үйл ажиллагаанд оролцож явсандаа баяртай байдаг. Үндсэн хуулийн эрх зүй гэдэг өөр ойлголт. 1990 онд ярьж байсан асуудлуудаа бид дахин яриад байгаа юм. Үндсэн хуулийг үнэхээр өөрчлөх ёстой гэж үзвэл бид дэвшиж, өөрчлөх ёстой. Үндсэн хуулийг өөрчилье гэж байгаа нь буруу биш. Харин яг юуг яаж өөрчлөх талаар сайн ярих ёстой юм. Үндсэн хуулийн эрх зүйг баталж яваа улс өөрсдөө хуулиа сайн ойлгосон байх ёстой гэж бодож байна. Маш том тулгуур хэд, хэдэн зарчим бий. Энэ зарчмууд бүрэн мөрдөгдөж явна уу, үгүй юу гэдгийг харах шаардлагатай.
-Үндсэн хуулийн өөрчлөлт дээр байр сууриа хэлээч?
-Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Мэдээж өнөөдөр надаас хэн нэг хүн асуугаагүй учраас, заавал яриад байх шаардлага алга гэж харж байна. Би өөрийнхөө байр суурийг ажлаа хийж байх үедээ маш тодорхой илэрхийлсэн. Энэ болохгүй байна үүнийгээ ийм байдлаар өөрчлөх ёстой гэдэг талаар ойлгомжтой санаа, оноо хэлсэн.
-УИХ тарах тухай яриа сүүлийн үед нэлээд давтамжтай, тод яригдах боллоо. Үндсэн хуулиа өөрчилнө, УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлана гэх боллоо. Өнөөдрийн байдлаар 30 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл цацагдаж байна. 51 гишүүн гарын үсэг зурчихвал сонгууль хугацаанаасаа өмнө зарлагдах нь тодорхой болчихно. Энэ бүх үйл явц зарчим талаасаа танд яаж харагдаж байна?
-Би нэг зүйл хэлье. Өнөөдөр уншигдаж, сонсогдож байгаа муу зүйлийг эрх баригчид хиймээргүй байгаа юм. УИХ-ын ээлжит сонгуулийг энэ оны арваннэгдүгээр сард явуулъя гэсэн зураг, өнгө сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудаас уншигдаад байна. Хэн ямар зорилгоор хийж яваа гэдэг нь бүх хүнд уншигдаж байгаа. Мэдэж байгаа шүү дээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, ард түмний санал асуулгаар дэмжлэг авах гэтэл ирц нь хүрэхгүй унах магадлалтай. Мөн өнөөдөр нийгмийн эмзэг асуудлын тэргүүнд жагсч байгаа утаа, агаарын бохирдол гэх мэт бэрхшээлүүдэд нэрмээс болно. Махны үнийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Хүмүүс бухимдаагүй, мууг таних үйл явц үргэлжилж байна. Энэ бүх муу муухай зүйл илрээгүй дээр бушуухан сонгууль хийгээд авъя гэсэн хандлага, улайрал байхыг үгүйсгэхгүй. Ингэж адгаж байгааг нь харахаар надад бол буруутгах зүйл алга. Тэгэхээр уншигдаж байгаа үйл явцыг зөрж өөрсдийнхөөрөө бүхнийг хийвэл 30 жилийн хэцүү хичээлд суучихсан ард түмэн тийм сайхан хариу барихгүй. Гоё илтгэж, гоё үндэслэл гаргаж байгаа юмны цаана яг юу байна вэ, ямар сэдэлтэйгээр ингээд байна гэдгийг ард түмэн олоод харчихсан яваа. Бүр энгийнээр хэлбэл ард түмэн эрх баригчдын гоё дүр, сайхан үгний цаадах муу муухайг уншчихсан байгаа. Дахин хэлье, нэгэнт уншигдаж байгаа муу зүйлийг ажил болгож болдоггүй юм. Товчхондоо энэ бүхэн Монгол Улсад ямар ч сайн үр дүн авчрахгүй. Улс төрийн үйл явцыг ойлгодог хэрсүү сэтгүүлчид, 30 жилийн хэцүү хичээлд суучихсан ард түмний ихэнх нь эрх баригчдын үйлдлийг уншиж байна.
-Яг энэ агшинд та эрх баригчдад юу гэж хэлмээр байна?
-Хийх гэж байгаа үйлдэл чинь алхаагүй байхдаа баригдчихлаа. Хулгай чинь эхлээгүй байхдаа баригдаж мэдэгдчихлээ. Иймд эхлээгүй байхдаа баригдсан хулгайгаа хийнэ үү, байна уу өөрсдөө л мэдэцгээ гэж хэлмээр байна. Үр дүн нь хэнд ашигтай вэ гэсэн асуултыг хүн бүр тавих байх. Хэнд ашигтайг бас хүн бүр мэдэж байгаа. Монгол Улсад лав ашигтай биш.
Ардчилал ялснаас хойших тавхан жилд гаргасан цөөн шийдвэр өнөөдрийн Монголыг бүтээсэн
-Ардчилсан нам сая үзэл баримтлалаа шинэчиллээ. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч?
-Ардчилсан үзэл санаандаа үнэнч явах гэдгийн гол утга нь их энгийн. Хамгийн гол нь хүн нь хувирахгүй байх. Хүн эвдрэхгүй байя гэвэл тодорхой үзэл санаатай, үнэт зүйлтэй байх ёстой. Ардчилсан намд би талархаж байгаа. Сая таны хэлсэнчлэн манай нам үзэл баримтлалаа шинэчлээд удаагүй байна. Миний хувьд маш сайн болсон гэж дүгнэнэ. Энд тэнд олон зүйл яригдаж байсан л даа. Түүнийг нь онцолж, үүнийг нь авчих вий дээ гэсэн болгоомжлол байсныг нуухгүй. Хамгийн олзуурхмаар нь үзэл баримтлал маш сайн болсон. Яг үүнийгээ дагах хэрэгтэй. Бүгд ойлголцож, оруулсан шинэчлэлээ нийтийн ололт болгох ёстой. Нэг зүйлийг энэ дашрамд зориуд хэлмээр байна. Ардчилал бол хэн нэг хүн, аль нэг намын өмчлөх зүйл биш. Өргөн агуулга, өндөр үнэ цэнтэй зүйл.
-Монголд ардчилал байхгүй, байгаа гэх мэт эсрэг тэсрэг үзэл, байр суурь сонсогддог. Ер нь өнгөрсөн гучин жилд ардчилал жинхэнэ утгаараа оршсоор ирсэн үү. Ардчиллын ололт амжилт, алдаа дутагдал гээд яривал танд хэлэх зүйл олон бий байх...?
-Ололт алдаа, дутагдал гээд яривал хэдэн боть ном, хэдэн арван бүлэг кино хийгээд ч бүх алдааг нэрлэж, нэг цохилтоор юм уу нэг хүний хариултаар гаргаж чадахгүй. Миний хувьд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн зүйлээ хадгалж авч явах нь л хамгаас чухал. Дутагдал байгаа бол сэрэмжилж хараад сургамж болгох хэрэгтэй. Энэ сургамжаа байгууллагын дүрэм журам, хуулиндаа тусгаж цааш хөгжүүлэх ёстой. Дэвших тал дээрээ бид удаан байгаа нь бодитой үнэн. 1990 оноос өмнө бид нийгэм төр засгаасаа бүхнийг хардаг байсан. Гэтэл өнөөдөр төр засгийг харахгүйгээр, өөрсдийнхөө амьдралыг аваад явчих тийм нийгмийг бий болгож чадлаа. Энэ бол хамгийн том гайхамшиг. Өнөөдөр ямар хүн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажилладгийг мэддэггүй, амьдралаа төвөггүй аваад явчихдаг, хувийнхаа бизнесээ сонголтоороо хийж чаддаг, ажил амьдралаа сэвхийлгэж яваа хэсэг нийгэмд бий болсон. Энэ бол хамгийн том ололт. Үүнийг би ардчиллын хугацаанд олсон хамгийн том ололт гэж үзнэ. Болж бүтэж байгаа олонхын боломжийг улам нээж өгөх тал руу илүү их анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал Монгол цаашаа дэвшээд, хөгжөөд явчих бүрэн боломжтой улс.
-Танай нам, ганц танай нам ч биш ардчилал эхэлснээс хойших жилүүдэд засгийн эрх барьж явсан шийдвэр гаргагчид алдаанаасаа сургамж авсан зүйлсээ дүрэм, журам, хуульдаа тусгаж сайжруулах тал дээр мэдрэгдэхээр юм хийгээгүй санагддаг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Алдаанаасаа сургамж авч хууль дүрэмдээ тухай бүрд нь тусгаад, чанар чансаагаа сайжруулаад явсан бол өнөөдөр байдал өөр байх байсан. Харамсалтай нь бид ингэж чадаагүй. Ардчилалд ажиглагддаг нэг том дутагдал бий. Тэр нь нэг нь нөгөөгөө үгүйсгэх хандлага. Хүүхдээ угааж, угааж байгаад түмпэнтэй устай нь гадаа гаргаад хаячихлаа гэдэг шиг зүйл ажиглагдсаар ирсэн. Уг нь бид угаасан хүүхдээ аваад үлдэх ёстой юм. Хир буртаг муу муухай юмаа орхиод цаашлах учиртай.
-Засч, сайжруулмаар ямар зүйлс байна?
-Засмаар зүйл мэдээж их байгаа. Бидэнд олон дутагдал бий. Сайн гэсэн бодлогоо ямар ч намын үед хадгалаад аваад явчих ёстой юм. Хүрсэн дэвшлээ хадгалахгүй эргэж өшиглөж унагаад байна л даа. Хийсэн сайн зүйл гээд харахаар манай намын үед их анзаарагддаг. Шилэн дансны тухай хууль, иргэний танхим, нэг цэгийн үйлчилгээ гэх мэт олон сайн зүйлийг хэрэгжүүлсэн. Үүнийгээ улам боловсронгуй болгоод хуульчлаад явах ёстой. Ардчилал ялснаас хойших 30 жилийн хугацааг тоймлож багцаалдаад харахаар монголчуудын амьдралд хамгийн чухал шийдвэр гаргасан он жилүүд маш цөөн байна. Ердөө тавхан жил.
-Тийм бага хугацаа гэж үү, сонин юм аа?
-Харин их сонин. Сая миний онцолсон таван жилд гаргасан ганц хоёрхон шийдвэр өнөөдрийн Монголын амьдралыг бүхэлд нь тодорхойлож байна. Тоосонд дарагдах 100 муу шийдвэр гаргаж болно. Тэр дунд 100 жилийн настай ганц шийдвэр гаргахын төлөө хичээж зүтгэх ёстой. 100-200 жилийн дараа 1990 онд монголчуудын хийсэн сонголт маш зөв байжээ гэж яривал бид зөв зүйл хийсэн гэсэн үг. 100-200 жил, бүр цаашлаад өчнөөн жил явах ач холбогдол бүхий шийдлийг монголчууд түүхийн нэгэн цаг үед гаргаж чадсан л бол тэр гайхамшиг.
Хариуцлага ярихгүйгээр шударга ёс гэж популизмдаад нэмэргүй
-Ардчилал хувь хүн болон нийгэмд, тухайлбал Ц.Элбэгдорж гэдэг хүнд юу өгсөн бэ гэж сонирхолтой санагдаад байдаг юм. Ардчиллыг эрх чөлөө талаас нь харвал сайхан ч гүтгэлэг, доромжлол гэх мэт эрхээ хэтрүүлсэн үйлдлүүд нийтлэг ажиглагдаад байхаар хэцүү ч юм шиг. Танд иймэрхүү гутранги бодол төрдөг үү?
-Эрх чөлөө хэчнээн хэцүү ч эрх чөлөөнд би маш их хайртай. Ардчилал хүнд өөрөөрөө байх боломжийг нь нээж өгсөн. Өөрийнхөө сонголтоор ажил амьдралаа зохиох боломжийг олгосон. Магадгүй энэ замаас бид гарч болно. Гарлаа гэхэд эргээд энэ зам руугаа л орно. Нэг үгээр хэлбэл засмал замаас гараад шороон зам руу ороод, эргээд засмал зам руугаа орох гэж зүтгэдэгтэй адилхан энэ зам руугаа л бид зүтгэнэ. Тийм учраас энэ замаас гарах биш тэр хүндрэлтэй замаа засаад явчих нь зүгээр. Урагшлах нь чухал. Эрх барьж байгаа хүмүүсээс хариуцлага нэхээд, хариуцлагатай нийгэмд шилжье гэж анх цуглаанд оролцохдоо миний хэлсэн үг ердөө энэ байсан. Ер нь бүгдээрээ “Хариуцлага” гэсэн сонин гаргавал яасан юм гэж хэлж байсан. Ийм сонин гаргаад явбал би ажиллахад бэлэн байсан. Одоо ч би энэ үгээ хэлдэг. Өнөөдөр үгүйлэгдэж байгаа гол зүйл бол хариуцлага. Бид хариуцлагын тогтолцоотой болох ёстой. Түүнээс биш зүгээр нэг популизм хийгээд шударга ёс гэж үг давтаад хэрэггүй. Тэр шударга ёсыг хуулиндаа оруулж бич. Хариуцлагын тухай хуулиа батлаад гаргачих. Тэгээд түүнийгээ хэрэгжүүл. Хэрэгжүүлээд явахад хүндрэл байвал дахиад сайжруулаад яв.
-Ардчилсан хувьсгалыг та болон таны хэсэг нөхөд эхлүүлсэн. Энэ бол түүхэн үнэн. Монголд ардчилал ялаад идэр насандаа ирчихлээ. Эргээд 30 жилийн өмнөх үедээ очих боломж гарвал та яах вэ. Үүнийг ингэж өөрчлөх байсан, түүн дээр л цаг алдсан гэх мэт бодол төрдөг үү?
-Ардчилал бол өөрөө үйл явц. Энэ үйл явц үргэлжлээд явж байна гэж хувьдаа боддог. Монголын ард түмэн түүхэн нүүдэл хийгээд очих ёстой газраа очсон. Өнөөдрийн хүндрэл бэрхшээл, ололт амжилт ардчилсан нийгэмд байх зүйл. Бид очих газраа очсон, одоо цаашид ололт амжилтаа улам сайжруулаад явах ёстой. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр надад юу бодогдож байсныг би өдрийн тэмдэглэлдээ бичсэн. Миний өдрийн тэмдэглэл “Өдрийн сонин”-д цуврал болж гарч байгаа. Яг тэр үйл явдалд оролцож явсан хүний хувьд тэр үед юу бодогдож байсныг, ямар үйл явдал чухал байсан бэ гэдгийг бичээд үлдээсэн. Яаж ч төсөөлөөд би 1990 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөрт эргэж очиж чадахгүй. Харин тэр үед тэмдэглэл бичиж үлдээсэндээ олзуурхдаг.
-Сүхбаатарын талбайд болсон 1990 оны гуравдугаар сарын өлсгөлөнг яагаад, ямар шалтгаан, түүхэн сэжмээр зохион байгуулсан бэ гэдэг асуултад олон хүн хариугаа өгсөн. Ц.Элбэгдорж гэж хүний хувьд тэр түүхэн явдлын эхэлсэн түүхийн уг учрыг манай уншигчдад сонирхуулаач?
-Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн уулзалт гэж байнга болдог байсан юм. Тэр үед бидэнд уулзаж цуглах хязгаартай байсан л даа. Шаазангийн үйлдвэрийн зааланд уулздаг байлаа. Бид цуглаан зохион байгуулахын өмнө заавал уулзаж ярилцдаг байсан. Цуглааныхаа үеэр ямар шаардлагууд тавих вэ гэх мэт асуудлуудаа ярьцгаана. Тэгээд цуглаанаа хийчхээд, дахин уулздаг байлаа. Зохион байгуулалт сайтай ажилладаг байсан. Өнгөрсөн цуглааны болох болохгүйг ярьцгааж, дараа нь яахаа ярина. Өлсгөлөн зарлах болсон нь цуглаантай холбоотой л доо. Цуглаан бүрт тэр болгон бүгдээрээ цуглаж амжихгүй, товчхондоо олныг хамарсан үйл ажиллагаа болж өгөхгүй байсан юм. Ийм шалтгаанаар цуглаанаас илүү өргөн цараатай үйл ажиллагаа зохион байгуулъя, чанарын хувьд өөр шатанд гаръя гэж шийдээд өлсгөлөн зарлахаар болсон. Бидний шаардлагыг эрх баригчид, Улстөрийн товчоо хүлээн авч буулт хийхгүй бол амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлацгаая гээд л зүтгэсэн. Зорьж буй үйл хэргээ чухал гэж харуулах хамгийн гол арга нь амиараа дэнчин тавих юм байна гэж бодоцгоосон. Товчхондоо амь насаараа дэнчин тавьсан улс төрийн тэмцлийн сүүлчийн хамгийн хурц хэлбэр нь өлсгөлөн байсан юм. Өлсгөлөн зохион байгуулах хороо байгуулагдсан түүх нь энэ. Ц.Элбэгдорж өлсгөлөнд суухгүй, өлсгөлөнг удирдлагаар хангана гэсэн шийд гарсан. Миний хувьд өлсгөлөн зарлаж байгаа шалтгааныг чанга яригчаар зарлаж ярих үүрэгтэй байлаа. Хамгийн хүнд ажил байсан шүү. Өдөрт нэг сэдвээр дөрвөөс таван цаг ярьж, түүнийгээ хоёроос гурван цаг давтаж ярьдаг байсан.
-Өлсгөлөн зарлаж байгаа залуусын санаа зорилгыг, таны ярьж зогссон зүйлийн агуулгыг ер нь хүмүүс хэр хүлээж авч байсан бэ?
-Төв талбай дээр хоёр цаг ярьж зогсоход ирсэн хүмүүсийн олонх нь хүлээн зөвшөөрч байсан. Өлсгөлөн зарлаж байгаа нь муу ёр гэх хүн ч цөөнгүй байлаа.
Хөвсгөлд болсон үйл явдал ардчилсан хувьсгалд гайхамшигтай нөлөө үзүүлсэн
-Хөвсгөлд болсон үйл явдлын зохицуулагчаар нь та ажилласан. Тэнд болсон явдал Монгол даяар марш хэлбэрээр өрнөнө гэсэн яриа байсан гэдэг. Гэхдээ ажил болоогүй. Ер нь улсыг бүхэлд нь хамарсан марш зохион байгуулах гэж байсан цаад шалтгаан нь юу вэ?
-Түүхээс харахад их сонин зүйл ажиглагддаг. Бид болсон үйл явцын талаар л ярьдаг. Гэтэл бас болоогүй үйл явц түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал аймаг бүр хамрагдах явган марш амьдрал дээр болоогүй. Ийм зүйл хийнэ гэж бэлдэж байсан нь үнэн. Орон даяар аймаг, сум бүрээс ардчиллыг дэмжиж алхах санаачилга Хөвсгөлийн үйл явцаас үүдэн гарсан. Миний хувьд Хөвсгөлд болсон үйл явцыг хариуцаж ажиллахаар Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн томилолтоор Хөвсгөл аймагт очиж ажилласан юм. Тэр үед бидний гаргаж байсан санаа л даа. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүй, шинэ намуудыг хүлээн зөвшөөрөхгүй, ардчилсан сонгууль хийхгүй, шилжилтийн шинжтэй Улсын бага хурал гэсэн тодотголтой ардчилсан парламентыг байгуулахгүй бол асуудал хүндрэх байсан. Тодруулж хэлбэл бид ийм марш зохион байгуулах гэж байсан юм.
-Улс төрийн товчоо та нарын шаардлагыг хүлээж авахгүй гэдийж, аймгуудыг хамарсан марш улс даяар өрнөсөн бол ардчилсан хувьсгал үр дүнд хүрэх байсан уу?
-Хэрэв тиймдээ тулсан бол хэн ч зогсоож дийлэхгүй байсан. Явган марш гэж орон даяар хөл болж, Сүхбаатарын талбайд цуглавал асуудал яаж хурцдахыг тухайн үеийн эрх баригчид мэдэрсэн учраас ардчилсан хувьсгал оготны хамраас ч цус гарахгүйгээр ялсан юм. Байдал эвгүйдвэл улс даяар марш зохион байгуулах тухай мэдээллийг хэлэлцээрт оролцож байсан хүмүүс маш хүндээр хүлээн авсан. Үнэхээр ч тийм зүйл болох байсан. Хүндээр хүлээж авсан учраас буулт хийсэн. Тэр нь хэлэлцээрийн гол баримт бичиг болж АИХ-ын чуулган болсон юм. Хөвсгөлд яагаад тийм үйл явц өрнөсөн бэ гэдэг ч тодорхой шалтгаантай. Эрх баригчдын хийсэн бага зэргийн алдаанаас үүдсэн юм. Хөвсгөлийнхөн цуглаан зохион байгуулах гээд иртэл зохион байгуулж байсан хэсэг хүмүүсийг нь барьж аваад урьдчилан хорих төвд хорьчихсон. Ийм үйл явдал болсон учраас Хөвсгөлд цуглаан зохион байгуулах гэж байсан хүмүүсийн нэг хэсэг нь бидэнд хандсан юм. “Биднийг хорьчихлоо. Хүмүүсээ гаргаж авахын тулд том цуглаан зохион байгуулах хэрэгтэй байна. Туслаач” гэсэн л дээ. Тийм хүсэлт ирсэн учраас би явсан. Яг явах гэтэл онгоцны билет олддоггүй. Дүүрэн хүнтэй онгоцны хойд талд ачаан дээр явган суугаад явж байлаа.
-Дүүрэн хүнтэй онгоцонд суугаад Хөвсгөл ниссэн гэхээр нисэхийнхэн таныг, ардчиллыг дэмжжээ дээ?
-Нисэхийнхэн дэмжиж байсан. Хөвсгөлд өлсгөлөн зарлаж явган марш хийх мэдээ аваад эрх баригчид буулт хийсэн. Ингэсний дүнд хэлэлцээрт хүрсэн юм. Энэ бол гайхамшигтай үйл явц. Тэгэхээр 1990 онд болоогүй зарим нэг үйл явдал бидний дотор яригдаж байсан зүйл хүртэл тийм том түлхэц ул мөрийг ардчилсан хувьсгалын түүхэнд үлдээсэн байдаг.
-Анх яаж яваад ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн юм бэ. Яаж нэгдэв, хэн хэн нийлж ардчилал ярьж эхэлснийг одоо ярихад хүмүүст сонирхолтой санагдах байх...?
-1983-1988 онд би ЗХУ-д цэргийн сургуульд сурч байсан юм. Яг тэр үед өөрчлөн байгуулалт гэдэг зүйл эхэлсэн. Энэ үед ил тод гэх мэт шинэ агуулгатай ярианууд дөнгөж гарч байсан. ЗХУ-д маш олон өөрчлөлтүүд гарсан. Иосиф Виссарионович Сталин, В.И.Ленин нарыг буруутгасан хандлага хүчтэй явагдсан. Өнөөдөр хамгийн их магтуулсан хүн хамгийн сайн хүн биш, нөгөө талаас хамгийн их муу хэлүүлсэн хүн зүйргүй муу нэгэн биш юм байна гэдгийг би тэр үед ойлгосон. Уулыг дарсан цас хайлдаг, хүнийг дарсан муу үг, яриа арилдаг гэж боддог. Тэгэхээр яг үүнтэй адил үйл явц тэр үед болж байсан юм. Ардчилал, өөрчлөлт шинэчлэлийн тухай цоо шинэ сэдэв тэр үйл явцыг харчихсан, үзчихсэн залуучуудын гал тогооны яриа байлаа. Бид тэрүүхэндээ аминчилж яриа өрнүүлэхдээ голчон улс төр, шинэчлэл өөрчлөлт яагаад хэрэгтэй талаар ярина. Ер нь иймэрхүү агуулгатай яриа хөөрөө айл бүхэнд өрнөдөг байсан байх. Ийм маягаар үзэл бодол, үнэт зүйлээрээ холбогдсон залуусын нэгдэл үүссэн. Тэр үед яг тэр энэ ардчиллыг эхлүүлсэн гэж яримааргүй байна. Үзэл бодлоороо нэгдсэн залуусын хүчээр ардчилсан хувьсгал Монголд эхэлсэн.
-1990 оны зургадугаар сарын дундуур анхны ардчилсан сонгууль болоход Ардчилсан холбоо оролцсон. Тэр үеийн нөхцөл байдлыг харсан ч тэр, одоо эргээд бодоход ч тэр хэн ч танихгүй баахан залуус нэгдсэн Ардчилсан холбоо эвсэл ялагдах нь тодорхой байсан...?
-Ардчилсан хувьсгал гэдэг зөвхөн ардчиллын үйл явцад оролцоод микрофон бариад шаардлага тавиад явж байсан хүмүүсийн ажил биш л дээ. Нөгөө талд нь байж байсан хүмүүс ч маш том хувь нэмэр оруулсан. Ер нь ардчилал бол монголчуудын нийлж бүтээсэн нийтийн ололт. Үүнийг бид хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх ёстой гэж боддог. Дээр нь таны асуугаад байгаа сонгуультай холбоотой зүйл дээр нэг зүйл хэлье. Гайхамшигтай мэдрэмжийн тухай ярья. 1990 оны анхны ардчилсан сонгуульд Ардчилсан холбоо ялагдсан. Ардчилсан нам ялагдсан. Тэгсэн мөртлөө бид маш их баяртай байсан. Үүнийг хүмүүс өнөөдөр бол шууд ойлгож чадахгүй. Ялагдсан хэрнээ баярлана гэхээр хэний ч санаанд буухгүй. Миний хувьд 1990 оны сонгуулийг хамгийн ардчилсан бөгөөд хамгийн гайхамшигтай сонгууль болсон гэж боддог. Яагаад гэхээр тэр үед зөвхөн намаас нэр дэвшээгүй. Хорооны иргэд цуглаад хорооноосоо хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийддэг байсан үе. Жишээ нь би хорооны иргэдээс нэр дэвшиж байсан.
-1996 онд та УИХ дахь олонхын бүлгийн дарга байсан. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох дүрэм бий. Гэтэл та Ерөнхий сайд болоогүй. Яагаад тэгсэн юм бэ? Тэгээд дараа нь таван сар энэ албыг хашсан. Ер нь тэр үеэс өнөөдөр ч шийдлээ олоогүй яваа будилааны эхлэл тавигдсан уу?
-Бидэнд нэг гоё чанар байсан. Зорьж байгаа үйл хэргээ албан тушаалын төлөөх тэмцэл гэж хараагүй. Бид аль 1989 оноос том үйл хэргийн төлөө яваагаа мэдэрчихсэн. Тэр итгэл үнэмшил өнөөдөр ч хэвээрээ. М.Энхсайханаас өмнө Д.Бямбасүрэн гуай Засгийн газраа байгуулж байхдаа АН-аас Ц.Элбэгдоржийг Шадар сайдаар авна гэсэн мэдээ сонсоод би хувьдаа бухимдаж байсан. Ийм муухай юм байж болохгүй гэж бодсон. Тэр үед энэ мэдээг надад үзүүлж байгаа хамгийн том хорлол гэж хүлээн авч байсан. Харин одоо бол хэн ч тэгэхгүй. Шадар сайд бол гэвэл бүгд уралдаж гүйх байх. Э.Бат-Үүл, С.Зориг нар намайг Улсын бага хурлын гишүүн бол гэхэд бас л дургүй хүлээж авсан. Тэр үед үзэж харсан зүйлээрээ М.Энхсайхан биднээс илүү байсан. Тэр утгаараа манай нөхөд М.Энхсайханыг Ерөнхий сайд болгож, намайг УИХ дахь олонхын бүлгийн даргаар томилсон. Ерөнхий сайд болох асуудлаасаа эхлээд л мунгинасан бол тэр олон өөрчлөлт ололтыг гаргаж чадахгүй байсан.
-Та 1996 онд “Партизан” нэртэй өгүүлэл бичиж байсан. Түүхийг нь сонирхмоор байна?
-Хуралдаанд хэлэх үгнүүдийг би бэлддэг байлаа. Одоо эргээд бодох нь ээ том хувь заяа байж. Монголын ардчилсан холбооны хоёрдугаар их хурал дээр би үндсэн илтгэлийг нь тавьсан юм. Залуучуудын холбооноос тэргүүний залуу гэж шагнал олгодог байлаа. Тэр шагналыг анх би авч байсан. Тэр шагналыг авсан хүн илтгэл тавих ёстой. Тэгэхэд би ардчилсан үйл явцын гурав, дөрвөн жилийг үнэлээд ”Монголоо олсон Монгол” гэсэн сэдэвтэй илтгэл тавьсан юм. Тухайн үед нөхдийнхөө тухай бичмээр санагдаад партизан гэдэг өгүүллийг бичсэн. Дараа нь харж байхад тэр өгүүллийн санаа журмын нөхдөд хүрсэн байдаг. Одоо дахиад ч бичмээр санагдаж байна. Бичнэ ч гэж бодож байгаа. Мөн тэр үед өөртөө бичээд үлдээсэн зүйл надад их бий.
-Ардчилсан хувьсгалыг хүн бүр олон янзаар ярьдаг, бичдэг. Ардчилсан хувьсгалын ойн үеэр өнгөрсөн 30 жил монголчуудад юу өгсөн талаар эссэ, нийтлэлийн уралдаан зарласан нь ч цаанаа ийм шалтгаантай байх. Ардчилсан хувьсгалын тухай бодит үнэн нь яг хаана байна вэ гэсэн асуулт өнөө ч шинэ сонсогддог гэдэгтэй та санал нийлэх үү?
-Яг өөр шиг чинь бодит үнэн аль нь бэ гэдгийг мэдэх хүсэлтэй олон мянган хүн бий гэж би бодож байна. Тийм учраас түүх үнэнээрээ явах байх. Ардчиллын тухай бичих гээд суухаар хүн их зүйл боддог. Ардчиллыг үнэлэх гэж оролддог. Нийтлэл, эссэ бичүүлэх санаачилга өрнөж байгаа нь зөв, сайн зүйл гэж бодож байна. Энэ мэтчилэн олон арга хэмжээнүүд цаашид өрнөж явах ёстой. Ардчиллын үйл явцыг дэргэдээс нь баримттайгаар харж, тэр үед ийм зүйл болсон гэж хэлж ярих түүх бүтээлцэж, хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцож явсан хүний хувьд би хэлэх шаардлагатай газар нь хэлээд явна. Ер нь ардчиллын түүхийг бодитойгоор хойчдоо хүргэхэд бүгдийн хувь оролцоо чухал. Үүнийг үгүйлж ярьдаг болсон нь сайн зүйл. Их олзуурхаж хүлээж авч байна.
-“Хонх” хамтлагийн С.Цогтсайхан агсан таны тухай нэг сонирхолтой дүгнэлт хэлсэн байдаг “Цагаан морин жилийн хувьсгал биш Цахиагийн Элбэгдоржийн хувьсгал гэвэл илүү бодитой” гэж...?
-С.Цогтсайхан бол гайхамшигтай хүн. Миний хувьд ардчилсан хувьсгал, хүнд хэцүү гэж ярьдаг энэ үйл явцад олон хүнтэй уулзаж, нөхөрлөж явсан. Энэ хүмүүс дотроос хамгийн их хүндэлсэн хүн гэвэл С.Цогоог нэрлэнэ. Хүний бодоогүй, хүрч чадаагүйг бодож сэтгэж явсан нь Цогоогийн гайхамшигтай чанар. Хүний бодол тодорхой зүйлд очоод зогсоно. Гэтэл С.Цогтсайхан түүнийг давуулж боддог. Ийм л хүн байсан. Бид хоёр их ойр ажилладаг байжээ. “Хувьсгал эхлэх үеэр биднийг уулзаж яриад сууж байхад хэн нэгнийг буудъя гэвэл хамгийн түрүүнд буудуулах хүн бол Элбэгээ чи шүү дээ. Учир нь чи цуглаан бүхнийг нээдэг, хаадаг, гол зохион байгуулалтыг хийдэг байсан” гэж ярьдаг байсан нь санаанаас гардаггүй. Үнэхээр ч 1989 оны арванхоёрдугаар сарын 10-наас эхлээд 1990 он дуустал болсон цуглаануудыг харахаар нөхөд маань надад их итгэл хүлээлгэсэн байдаг юм. Миний хувьд сайхан хувь зохиол. Ардчилсан хувьсгалд С.Цогтсайханы оруулсан хувь нэмрийг мартаж болохгүй. Ардчиллын 30 жилийн ойгоор “Хонхны дуу”-гаар нь пянз гаргая гэж бодож байгаа.
-Э.Бат-Үүлээс ярилцлага авч байх үед таныг дурсч байсан. “Ц.Элбэгдорж бол манлайлах харизмаараа гайхалтай хүн. Үнэндээ шидтэй хүн” гэж ярьсан нь санаанд орчихлоо?
-(инээв) Бидний хувьд салбар салбартаа өөр өөрсдийн хариуцсан ажилдаа онцгой байсан. Жишээлбэл С.Цогтсайхан юмыг томьёолж хэлэхдээ гарамгай байлаа. “Хонхны дуу”-г сонс л доо. 1980 оны сүүлчээр энэ сайхан дууг бичнэ гэдэг чинь гайхалтай биз дээ. Тэгэхээр С.Цогтсайхан бол тэр талбар дээрээ гайхамшиг. Харин манай Э.Бат-Үүлийн хувьд бол шийдвэр гаргахад, хамгийн түшигтэй, тууштай, асуудлыг зөвөөр илэрхийлж чаддаг чанараараа онцгой. С.Зориг бол гал ус шиг харшиж байгаа зүйлийг яаж зохицуулж зөв шийдэл болгож, гаргаж ирэх вэ гэдэг дээр гойд. Зохицсон ажил бүртээ бие биенээ нөхөөд явчих чадвартай тийм хүмүүс нэгдсэн байсан юм. Хариуцаж авсан ажлууддаа сэтгэл зүрхээ өгч оролцож байсан учраас ардчилсан хувьсгал амжилтттай өрнөсөн. Тэр олон мянган сувд шиг гялалзсан хүний хувь нэмэр өнөөдрийн сайхан цагийг бүтээсэн гэдгийг мартах учиргүй.
С.Зоригийгоо би одоо ч нээсээр явна
-Ардчилалтай салшгүй холбоотой хүн бол яах аргагүй С.Зориг агсан. Энэ хүний улс төрийн үзэл баримтлал, зан чанарын хувьд та юу хэлэх бэ. Та хоёрыг их ойр байсан гэж сонсч байсан?
-С.Зоригийгоо би одоо ч нээсээр явна. Гайхалтай хоёр чанарыг нь онцолмоор байна. ЗХУ-д сурч байхдаа хүртэл хүнд байж болох нандин чанарыг ойлгох ойлголтоороо биднээс нэг алхмын өмнө явсан хүн. Нийгмийн мөн чанарыг ойлгох, түүнийгээ онолын түвшинд, амьдралтайгаа холбох талдаа ч гэсэн С.Зориг бидний өмнө явсан. Би сая хэллээ дээ, С.Зориг юмыг эвлүүлж зохицуулж шийдэл олох тал дээрээ гайхалтай гэж. Бид заримдаа юмыг хурц хэлбэрээр явуулах гээд байдаг талтай. Гэтэл С.Зориг маань зөөлнөөр явуулах боломжийг харж хэлдэг, авч явдаг гайхалтай шинж чанартай хүн байсан. Хүн цагаа мэдэрч, газраа олж төрнө гэдэг энэ. С.Зориг бол Монголын ард түмний хайрыг хүлээсэн хүн гэж би тэр үед бодож байсан. Одоо ч бодол минь хэвээрээ. С.Зоригийг аймшигтайгаар амь насаа алдахад хэлсэн үгээ одоо ч тод санаж байна (хэсэг чимээгүй болов). “Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Яагаад найзыг минь хөнөөсөн юм. Хутга барьж орсон хүн нүүр тулангуутаа хутгаа тавиад суухаар тийм хүн шүү дээ. Хүн бүхний хайрыг булаасан хүн. С.Зоригийг яагаад хөнөөж байгаа юм бэ. Түүнийг ална гэдэг чинь юу гэсэн үг вэ. Сэтгэл зүрхэнд багтахгүй байна” гэж би тэр үед хэлж байсан. Одоо ч тэгж боддог.
-С.Зориг агсны амь насыг нь бүрэлгэсэн хэрэг энэ олон жилийн дараа яагаад илрэхгүй байна вэ?
-Хэрэг бол илэрсэн. Харин түүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй тодорхой учир шалтгаантай хүмүүс бий байх. Нөгөөтэйгүүр бас ойлгомжтой шалтгаан байгаа. Би энэ тухай ярилцлага өгч байр сууриа илэрхийлсэн. Урд нь болон өнөөдөр ч илэрхийлж байгаа байр суурь маань өөрчлөгдөөгүй. Би давтахгүйгээр нэг зүйл хэлье. Хүн байх ёстой гэсэн гуйвшгүй үнэ цэн, итгэл үнэмшилдээ үнэнч хүн цөөхөн. Хуучин нийгмийн үед социализмыг хүлээн зөвшөөрөхгүй хүн цөөхөн ч гэлээ байсан. Б. Ренчин, Р. Чойном, Ц.Лоохууз, Х.Нямбуу гуай гээд нэрлэхэд монголчууд андахгүй. Тэр хүмүүс бидэнд яаж хандаж, тусалж байсныг бид мартахгүй. Үүнтэй адил ардчиллыг ойлгодог хүмүүс дотор цөөнх гарч ирсэн. Гайхмаар. Энэ тухай хачин онож хэлсэн нэг өгүүлэл бий. Б.Цэнддоо бичсэн юм. Өнөөдөр ардчиллыг үнэлдэг ардчиллын мөн чанарыг ойлгодог, ардчиллыг хамгаалдаг нь маш цөөхөн байна.
-Цөөхөн гэдэг нь...?
-Ерөөсөө гарын таван хуруунд багтах хэмжээнд. Социализмын үед “Бидний амьдарч яваа нийгэм болохгүй байна” гэж хэлдэг хүмүүс мөн л гарын таван хуруунд багтахаар байсан. Дахиад хэлье, өнөөгийн ардчилсан Монгол Улсад ардчиллын тухай ярьдаг хүн гарын таван хуруунд л багтаж байна. Магадгүй өнөөдөр хойд Солонгост эрх чөлөөний тухай ярьдаг хоёр гурван хүн бий байх. Ардчиллын төлөө гэдэг, ардчиллын үнэ цэнийг чин сэтгэлээсээ хамгаалдаг, энэ тухай үзэл бодлоо чөлөөтэй хэлдэг хүн манайд цөөн болчихлоо. Ийм хүмүүсийн тоо өсч үрждэггүй нь сонин шүү. Тэгэхээр монголчууд “Хонхны дуу”-гаа дахиж дуулах хэрэгтэй ч юм шиг.