Монголын үе үеийн эмч нарт зориулсан анхны хөшөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урд өнөөдөр сүндэрлэлээ. Үе үеийн эмч нарынхаа гавьяа зүтгэлийг мөнхөлсөн хөшөөний нээлт өнөөдөр болж, ахмад, дунд үеийн эмч нар хүрэлцэн ирсэн юм.
Уг хөшөөг төрийн соёрхолт, уран барималч Ц.Амгалан бүтээсэн бөгөөд монгол хүний ойн тоонд эмч хүн гэж ямар хүн байдаг тэр дүр зураг, энэрэнгүй сэтгэл, хичээнгүй хөдөлмөрч байдал, ур чадвар зэргийг шингээж хэн нэгний дүрээр биш эмэгтэй хүний дүрд оруулж бүтээжээ.
АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Хамгийн өгөөмөр бүхнийг эх хүнээр төсөөлдөг. Тийм ч учраас уран барималч маань эмэгтэй хүнээр төлүүлсэн байх. Монголын бүх эмч нарынхаа гавьяа зүтгэлийг үнэлдэг, дээдэлдэг хүмүүсийн хандиваар уг хөшөөг босголоо. Түүнчлэн энд суралцаж байгаа оюутан залуус маань сургуулийнхаа хаалгаар орох болгондоо энэ хөшөөг харж “Хэн болох гэж байгаа, ямар үүрэг хариуцлага ногдож байгааг ухамсарлан ойлгоосой” гэж бодож байна. Уг хөшөөг анагаахын ууган сургуулийн нэг АШУҮИС-ийнхаа төв хаалганы өмнө сүндэрлүүлэн, нийт Монголынхоо эмч нарыг мөнхөлж байна” гэлээ.
Төрийн соёрхолт, уран барималч Ц.Амгалан “Эмч нарын эелдэг, соёлтой харьцаа, өвчтөнөө гэсэн тэр агуу сэтгэлийг монгол бүсгүйн дүрээр гаргах хэрэгтэй хэмээн шийдсэн. Эмчийн гар дээр байгаа шонхор шувууны толгой болон хадаг бол ирээдүй рүү өгч байгаа захидал буюу оньсого юм. Хэдэн жилийн дараа ирээдүйн хүмүүс ойлгож магадгүй" хэмээн дурдав.
Монголын үе үеийн эмч нарт зориулсан уг хөшөөг бүтээхэд 89 орчим сая төгрөг зарцуулсан байна.