Шведийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 16 настай Грета Тунбергийг 2019 оны Зөв амьдралын төлөө шагналтнаар нэрлэжээ. Right Livelihood Award буюу Зөв амьдралын шагналыг орчин үеийн Нобелийн шагнал хэмээн сурталчилдаг байна.
1980-аад оноос хойш олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр дэлхий ертөнцөд тулгамдаж буй хүрээлэн буй орчны асуудал, хүний эрх, тогтвортой хөгжил, эрүүл мэнд, боловсрол, энх тайвны төлөө хүчин чармайлт гаргаж чадсан эрхмүүдэд олгож ирсэн Шведийн нэр хүндтэй шагналыг Грета охин хүртжээ.
Шагналаа 12 дугаар сарын 4-ний өдөр гардаж авах ба шагнал тус бүрийг нэг сая швед крон буюу 200,000 евро дагалддаг байна.
Грета Тунберг шагналын эзнээр тодорсны дараа “нэр хүндтэй шагнал хүртэх болсондоо чин сэтгэлээсээ баяртай байна. Гэхдээ би ялагч биш. Сургуулийн хүүхдүүд, залуу үе гээд оршин амьдарч буй дэлхийгээ хамгаалахын тулд нэгдсэн бүх насны бүх хүмүүстэй хуваалцах ёстой шагнал юм” хэмээн ярьжээ.
Энэ жилийн Зөв амьдралын шагналыг Гретатай хамт Баруун Сахарын Аминатоу Хайдар, Хятадын Гоу Жианмей, Бразилийн Дави Копенава болон Хутукара Яномами холбоо хүртэж байна.
Эх сурвалж: www.cnn.com