Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Монгол Улсын 2020 оны төсвийг танилцууллаа.
-Юун түрүүнд 2020 онд төсвийн орлогыг өмнөх оноос 2.1 их наядаар нэмж, 11.8 их наяд байхаар тооцсон. Харин зарлагыг 2.3 их наядаар нэмж 13.9 их наядад барина. Төсвийн орлогын 83 хувь буюу 10.6 их наядыг татвараас бүрдүүлэх бол зарлагын 48 хувийг цалин, тэтгэвэрт зарцуулна.
Төсвийн алдагдлыг 2.1 их наяд буюу ДНБ-ний 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцож байна. Алдагдлаа бага байлгахын тулд бондод мөнгө зарахгүй байх төлөвлөгөө гаргасан. Өөрөөр хэлбэл, МУ-ийн Засгийн газар 2020 онд гадаад, дотоод ямар нэгэн бонд гаргахгүй.
2020 оны төсвөөс Замын-Үүд боомт, Гашуунсухайт боомт, Алтанбулагийн боомтуудад улсын төсвөөс 44 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Мөн газрын төлбөрийн орлогын 40 хувийг орон нутагт /сум, дүүрэг/ төвлөрүүлэх бөгөөд үүний тулд гэрээ хийн, автоматаар төлбөр шилждэг цахим шинэчлэлийг хийнэ. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж үзэж байна.
Төсвийн төсөөллийг боловсруулахдаа уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнийг $75 /тонн тутамд/ байхаар, алтны үнийг өсөлттэй, зэсийн үнийг бага зэрэг бууралттай байхаар тооцсон.
Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх бөгөөд 160 тэрбум төгрөг төсөвлөлөө. Мөн төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор төрийн алба хаагчдын цалин тодорхой хэмжээнд өснө. Үүнд 120 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Түүнчлэн "Үдийн цай" хөтөлбөрийн зардлыг 50 хувиар нэмж 54 тэрбум төгрөгт хүргэсэн. Ингэснээр ЕБС-ийн бүх хүүхэд "Үдийн цай"-нд хамрагддаг болно. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг мөн 50 хувиар нэмсэн.
Үүнээс гадна Токиогийн олимпод зориулж 9.6 тэрбум, сонгуульд 42 тэрбумыг төсөвлөсөн. Ирэх оны төсөвт анх удаа өөрийгөө санхүүжүүлэх бүтээл буюу кинонд зориулж 10 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Утааг бууруулах зардлыг 16.8 тэрбумаас өсгөөд 96 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолоод байна.
Хар тамхитай тэмцэх зардлыг нэмж 1.3 тэрбум, байгаль орчны гэмт хэрэг бууруулахад 4.8 тэрбум, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд мөн хэдэн тэрбумыг төсөвлөсөн.
Үүнээс гадна одоо дуусаагүй байгаа төслүүдээ дуусгахад нэг их наядыг төсөвлөсөн гэж мэдээллээ.