"Дүнжингарав" худалдааны төвийн түрээсийн төлбөр 495,000 байсныг 995,000 төгрөг болгож нэмэгдүүлснийг эсэргүүцэж, түрээслэгчид нь жагсаал зохион байгуулж, холбогдох байгууллагуудад хүсэлт илгээх болсон талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос өнөөдөр өлсгөлөн зарлахаар болсон талаар Үндэсний мэдээллийн төвөөс шууд дамжуулан хүргэж байна.
Тус худалдааны төвийн түрээслэгч нар холбогдох байгууллагад ханджээ. Хэдийгээр ажлын 30 хоногийн дотор шийднэ гэсэн хариу өгсөн ч ирэх аравдугаар сарын 1-нээс түрээсийн гэрээгээ хийгээгүй түрээслэгч нарыг хөөж гаргах тул хотын дарга бодит байдлыг газар дээр нь очиж танилцахыг тэд шаардаж, хүсэж байгаа аж.
Түрээслэгч Д.Пүрэвбаатар:
-Бид хуулийн байгууллагын шийдвэрийг гартал ажлын байргүй болж, гудманд гарахад бэлэн байна. Бид нарыг хамгаалдаг газар байхгүй байна. Түрээслэгч нарын зүгээс өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Эдгээр хүмүүсийг өлсгөлөн зарлахаас өмнө асуудлыг шийдэж өгөөч хэмээн хүслээ. Өнөөдрийн байдлаар есөн түрээслэгч өлсгөлөн зарлахад бэлэн гэв.