Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонд АНУ-ын бизнес эрхлэгч эмэгтэй Женнифер Аркуритай ямар харилцаа тогтоосноо тайлбарлах 14 хоногийн хугацаа өгчээ. Жонсон Лондон хотын даргаар ажиллаж байхдаа америк эмэгтэйтэй холбоотой байсан гэж үзсэн тул энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлах хүнд шахалтанд орсон юм.
Sunday Times сонинд Ерөнхий сайд Борис Жонсоныг хотын дарга байх үед Аркури хатагтайн удирддаг технологийн компани улсын сангаас олон арван мянган фунт стерлинг авсан баримтыг дэлгэжээ. Америк эмэгтэйн компани хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр сангийн мөнгийг амар хялбар аргаар авсан гэж нийтэлсэн байна. Хотын даргын худалдаа хариуцсан төлөөлөгчидтэй уулзалгүй шууд гэрээ байгуулсан гэж үзжээ.
Тиймээс Лондоны хяналтын хорооноос Жонсоныг Аркуритай 2008-2016 оны хооронд холбоо харилцаа тогтоож байсан бүх мэдээллээ цаг хугацааны дэс дараалалтайгаар өгөхийг шаардсан байна. Харин Америкийн бизнес эрхлэгч эмэгтэй Sunday Times-т өгсөн мэдээлэлдээ ямар нэг шударга бус, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй, бизнесийн зарчмаа хүндэтгэдэг хэмээн байр сууриа хамгаалжээ.
Борис Жонсон хотын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн ч хатагтайн эзэмшдэг Hacker House компани улсын төсвөөс хөрөнгө оруулалт авч байгаа ажээ. Энэ оны эхэнд тус компани 100,000 фунт стерлинг сангаас авсан байна.
Эх сурвалж: www.cnn.com