СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-26

С.Эрдэнэ даргын ганцаардлыг АН “эдгээж” дөнгөх үү

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.ЦОГ

“Ардчилсан нам өмнө нь лидер дагасан нам байсан. Харин одоо лидер дагах биш гишүүдийнхээ оролцоог хангасан бодлогын нам болж шинэчлэгдэж байна… Лидерүүд хоорондын хагарлаас болж бүлэг, фракцад хуваагдан талцдаг байсан бол одоо гишүүдийн оролцоог хангасан бодлогын нам болох шинэчлэл рүү явж байна”… Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Үндэсний шуудан” сонинд ийн ярилцлага өгч байжээ.

Агуулгынх нь мөн чанарыг нягталж харахгүйгээр, гарчиг болоод утгад нь товч ач холбогдол өгөх нь ээ энэ бол яах аргагүй зөв өнцөг, зөв гаргалгаа. Гэхдээ ачир дээрээ буюу бодит байдал дээр өдгөө Ардчилсан нам хувьчлагдаж, энэ удаагийн хувьчлагдсан намын эзнээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тодорч тэрбээр намаа бүрэн эрх мэдэлдээ авсан нь нууц биш юм.

Нэг ёсны лидер түшдэг хуучин арга барилыг өөрчлөх нэрийдлээр жинхэнэ утгаараа ганц хүний эрх ашиг болон эрх мэдлээрээ солилцож олж авах үр ашгийг зөвхөн өөрийнхөө нэр дэр хаяглаж буй нь ардчилсан нийгэмд 30 жилийн турш амжилттай улс төр хийсэн Ардчилсан намын дарга мөн үү гэдэг асуулт тавихад хүргэж байгаа хэрэг.

Үүний тулд 2012-2016 оны буюу Ардчилсан нам төрийн эрхийг барьсан энэхүү дөрвөн жилийн түүх рүү буюу тус намын дотоод улс төрийн зөрчлийг юун түрүүнд нэхэн сануулъя.

Тэр цагт “Алтангадас” фракцаас Ерөнхий сайдаар сонгогдсон, тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг ялалтын үр ашгийг зөвхөн фракцаараа болоод ах дүү, хамаатан саднаараа хүртэхийг хүссэн, зорьсон. Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох хүртлээ энэ хүслээ ч сайн биелүүлсэн. Яг үүнд нь дургүйцсэн “Шонхор” фракц үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “Ардчилсан хүчний холбоо” гэгчийг байгуулсан.

Монгол Улс даяар гишүүд, дэмжигчдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, Их хурлаараа С.Эрдэнийг Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг тухайн үед Төрийн ордонд тойрон хүрээлэгчдээ өлгийдөж байх хооронд ийнхүү С.Эрдэнэ улс орон даяар намынхаа гишүүдийг Ардчилсан хүчний холбооны далбаан дор нэгтгэсэн гэсэн үг.

Өнгөц харахад энэ нь мөн л сайн санаачилга. Ялалтын оргилуун дарс буудуулах ч эрхгүйгээр гудамжинд үлдсэн намынх нь гишүүдэд хайр, найр хоёр ойртож, тэд С.Эрдэнэ даргын хүн чанар, ардчиллын төлөөх итгэл үнэмшилд булт олноороо хууртах эхлэл энэ байлаа.

Ийн яван явсаар “Шонхор” фракц буюу Ардчилсан хүчний холбооны хөгжөөн дэмжигчид жинхэнэ утгаараа “Алтангадас” фракцыг намаасаа ч, төрөөс ч хөөж дөнгөсөн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсон нь үүний баталгаа.

Харин тэгвэл өнөөдөр С.Эрдэнэ гэдэг хүн амлаж байсан ёсоороо Ардчилсан намдаа ардчиллыг жирийн гишүүдийнхээ итгэл найдварыг үнэлж чадав уу гэдэг нь өөрөө дахиад л харамсмаар үр дүн гарна. Мэдээж ирэх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр тэрээр урьдын адил намынхандаа дахин хайр, найр хоёроо ойртуулах байх.

Гэхдээ энэ дунд түүнийг дэмжих Ардчилсан намын бусад гишүүн хаа байна вэ гэж асуухаар эзэн лидер олдохгүй нь сонин. Энэ оны дөрөвдүгээр сард намынхаа зохион байгуулалтыг задалж, олон дэд даргатай болсон ч яг үнэндээ С.Эрдэнэ даргыг хүлээн зөвшөөрч, дэмжиж ажиллах орлогч тэдний дунд байхгүй гэдэг нь бодит үнэн.

Юун түрүүнд Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин

Тэрээр өнгөрсөн хугацаанд боломжит бүх хувилбараараа С.Эрдэнийг эсэргүүцэж ирсэн. Тэр энэ янзаараа УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаарч С.Эрдэнийг огцруулахын тулд хамгийн түрүүнд итгэл үнэмшлээрээ гараа өргөх улстөрч гэвэл энд хэн ч маргахгүй байх.

Дараагийн дэд дарга нь Ерөнхий сайд асан Р.Амаржаргал. Өөрөө өөртөө лидер болж ирсэн Р.Амаржаргалын хувьд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх, нам яллаа гэхэд УИХ-ын дарга болгоно гэх мэт аман тохироог хийсэн яриа хөөрөө улс төрд бий. Гэхдээ бодит байдал дээр С.Эрдэнийн хувьд Р.Амаржаргалыг УИХ-ын дарга болно гэж амлалт өгч, түүнийгээ биелүүлэхээс илүүтэй Баянгол дүүргийн Засаг дарга асан С.Одонтуяаг Монголын хамгийн анхны эмэгтэй УИХ-ын даргаар томилно гэж амласан  гэвэл хамаагүй илүү бодиттой байж мэднэ.

Учир нь, С.Одонтуяа бол С.Эрдэнэ даргын байгуулсан “Баянгол фракц”-ийн хувьд бараг л тэргүүн хатагтай юм. ОХУ-д Монгол Улсаас суугаа Элчин сайдын албаа улс төрийн шийдвэр гаргасан гэдгээрээ тайлбарлаж, орхиод ирсэн УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаагийн хувьд дараагийн нэг дэд дарга. Улс төрд мэдлэг боловсрол чухал ч багийн тоглолтод аядуу найрсаг байх зарчмыг улстөрчийнхөө дадал зуршилд өнөөдрийг хүртэл эзэмшиж чадаагүй түүний хандлагыг С.Эрдэнэ дарга урт удаан хугацаанд хүлээн зөвшөөрч чадах уу. Сонирхолтой л хэрэг. Хариулт нь бараг л үгүй байх магадлалтай.

Энэ мэтээр тооцоолж үзэх нь ээ, Ардчилсан намын шинэхэн дээрээ яваа дэд дарга нар дундаас С.Эрдэнэ даргад итгэсэндээ эс бол хүндэлсэндээ дагаар орсон хүн яг үнэндээ үгүй юм. За харин фракц болоод лидер улстөрчдийн тухайд бүүр ч хэзээ хариулт гарна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шударга бусын хонгил руу тэмцэх тэмцлийнхээ нэг гол дүрээр С.Эрдэнийг тодруулж, “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнийг байгуулаад удаж буй. Тэрхүү тэмцэлдээ хэт итгэж, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн Ардчилсан намын Үндэсний бодлогын зөвлөлийн гишүүний дотоод сунгаанд “Алтангадас” фракцын үе тэнгийн болоод хуурай дүү нарынхаа нэрийг бүгдийг нь татсан. Үүнийгээ бас хальт улстөржүүлж, залуусаараа “Биднийг бүртгэсэнгүй. С.Эрдэнэ бол дарангуйлагч” гэдэг хэвлэлийн бага хурал ч хийлгээд амжсан.

Яг үүн дээр нь дарин дээр давс гэдэгчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нам руугаа ирэх шийдвэрээ дотор хүндээ гаргачихаад удаж буй. Ерөнхийлөгч Х.Баттулга ч дахин сонгогдох магадлалаа хангахын тулд Ардчилсан намын удирдлагыг өөрчлөх туйлын хүсэлтэй байгаа нь нууц биш. Учир нь С.Эрдэнэ дарга болон Ардчилсан намын зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогыг өнгөрсөн хугацаанд тууштай хамгаалж, өмгөөлсөн нь үгүй бөгөөд орж гарах гэдгийн нэгэн адил хоёрдмол сонирхол илэрхийлэх болоод удсан.

С.Эрдэнэ даргыг намын удирдлагаас хөөх сонирхол Ардчилсан намын дотоод бүлэг фракц болоод “Ардчилсан холбоо”-нд байна гэсэн үг.

Мөн Х.Тэмүүжинг С.Эрдэнийн дэд дарга боллоо гээд 1970 оныхноос бүрддэг “Нэг үе” фракц бултаараа тэднийг дэмжинэ гэсэн үг бүр ч биш. Улс төрийн амжилт олж чадахгүйгээ мэдээд тэд талаар нэг тарчихсан явааг нь мэдэхийн хувьд бичихэд шүү дээ.

Ингэснээр өдгөө С.Эрдэнийг түшиж байгаа фракц бол ердөө л татвар, даатгалын салбараас цуглуулсан Баянголын Ардчилсан нам дээр суурилсан “Шонхор” фракцын хөгжөөн дэмжигчид. Энэ дэмжигсэд нь С.Эрдэнэ даргыг албан тушаалаас нь унагаж, жинхэнэ ардчилсан үзэл баримтлалаар намаа удирдах тэнхээтэй сэтгэх хэмжээний бие даасан, эрх чөлөөнд итгэдэг сонгодог ардчилагчид биш. “С.Эрдэнэ дарга огцорвол, С.Эрдэнэ ялагдвал бид яана” гэсэн тийм л аймхай бүлэглэл.

Хэрэв та хүсвэл Ардчилсан намын байраар ороод үзэж болно. Тэнд ардчилагчид ч, ардчиллын лидерүүд ч байхгүй. “Дарга байгаа юу. Даргатай уулзах гэсэн юм. Дарга тэгж хэллээ. Дарга ингэ гэнэ ээ” гэсэн хөгжөөн дэмжигчид л таныг угтана. Энэ бол хамгийн аймхай улстөрчийн бүрдүүлдэг багийн үндсэн төрх. Лидер нь өөрөөсөө шилдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй ганцаардсан  сэтгэхүйтэй учраас тэд ийм байгаа юм. Харамсалтай нь С.Эрдэнэ даргын ганцаардлыг АН “эдгээж” дөнгөсөнгүй. Товчхондоо Баянголын Ардчилсан намаас явж Ардчилсан намын дарга болж чадсан ч, Баянголын Ардчилсан нам С.Эрдэнэ даргаас явсангүй ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.26  ПҮРЭВ  №191  (6158)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.