АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео дэлхийн улс орнуудад уйгур үндэстэй иргэдийг Хятадад өгөхгүй байхыг уриаллаа.
М.Помпео БНХАУ-д уйгур үндэстнүүдэд аюул учирч байгаа гэв. Төрийн нарийн бичгийн дарга энэ сарын 22-нд хийсэн мэдэгдэлдээ “Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан Уйгурын бүс нутагт явуулж буй бодлогыг Бээжин “Терроризмын эсрэг” хэмээн нэрлэж байгаа ч үнэн хэрэгтээ цөөнхийн соёл, шашныг устгах ажиллагаа болж хувирсан” хэмээсэн байна.
“БНХАУ-ын Шинжаанд явуулж буй хэлмэгдүүлэлт терроризмтэй тэмцэхтэй огт холбоогүй гэдгийг хэлмээр байна. Бид бүх улс орнуудад уйгур үндэстнүүдийг Хятадад эргүүлж өгөх тухай Бээжингийн шаардлагыг эсэргүүцэхийг уриалж байна” гэж Майк Помпео өгүүлжээ.
М.Помпео НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд Дундад Азийн таван орон болох Казахстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан болон Туркменстаны Гадаад хэргийн сайд нартай уулзсаны дараа дээрх мэдэгдлийг хийсэн аж.
НҮБ-ын шинжээчид болон улс төрийн идэвхтнүүдийн хэлж буйгаар Шинжаанд доод нэг сая гаруй уйгур үндэстэн, түүнчлэн исламын шашинтай бусад цөөнхийн хүмүүсийг “улс төрийн дахин хүмүүжүүлэх” төвүүдэд хүчээр байлгаж байгаа гэнэ. Бээжин болохоор уг төвүүдийг “Мэргэжил сургалтын төв” хэмээн нэрлэдэг байна.
Шинжаанд уйгур, казах, киргиз, татар болон уг бүс нутагт олон зуун жилийн турш амьдарч ирсэн ислам шашинтай иргэдийг бөөнөөр нь баривчилж “улс төрийн дахин хүмүүжүүлэх” төвүүдэд илгээж байгаа тухай мэдээлэл 2017 оны дундаас дэлхий нийтэд тархаж эхэлжээ.