Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг, “Өндөр гэгээн”, Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” цогц үзэсгэлэнг Шинжлэх Ухааны Академийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс санаачилжээ.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн, судлаачдын баг 2013-2018 оны хооронд 6 жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийжээ.
Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ. Тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа олон түмэндээ энэхүү цогц үзэсгэлэнгээр тайлагнаж байгаа ажээ.
2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой 10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийж музейн үзмэр болгон олон нийтэд үзүүлэхэд бэлэн болсон байна.
Үзэсгэлэнд Богд хааны Ордон музейн сан хөмрөгөөс алдарт ногоон дара эх 300 жилийн тэртээд хамт байсан язгуурын 1000 бурхадтайгаа нэгэн дор дэлгэгэдэнэ. Мөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг сонирхуулах төдийгүй Европт хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Монголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлүүдийг дэлгэн үзүүлнэ.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр хийдийн загвар макет, сэргээсэн зураг, дэвсгэр зураг, танилцуулга, Өндөр гэгээний он цагийн дарааллыг харуулна. Мөн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзүүлнэ.
Үзэсгэлэнгийн хөтөлбөр: 2019.09.27 /Баасан гараг/
16.00: “Сарьдагийн хийд. Өндөр гэгээний уран бүтээлийн ордон: Сарьдагийн хийдэд явуулсан малтлага судалгаа” лекц академич С.Чулуун
14.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр (Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд)
2019.10.04 /Баасан гараг/
14.00: “Өндөр гэгээний дэг сургууль, хийц” лекц Бурханч лам Г.Пүрэвбат /Ph.D/
16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд/
2019.11.15 /Баасан гараг/
14.00: “Өндөр гэгээн Занабазарын Монголын бурхан шашинд гүйцэтгэсэн үүрэг” лекц Н.Хатанбаатар
16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд
2019.12.18 /Баасан гараг/
14.00: “Өндөр гэгээн Занабазарын өв” лекц Урлаг судлаач Ц.Уранчимэг /Ph.D/
16.00: “Шавар шүтээн урлал” шашны урлагийн боловсролын хөтөлбөр /Монголын үндэсний музейн Боловсролын өрөөнд