Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан байдаг.
Шийдвэрийн дагуу музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгасан юм.
Ингээд БСШУСЯ-наас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг наймдугаар сарын 29-нд зарлажээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
Тендерийн урилгад оролцох хүсэлтэй ААН-үүд 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагаас өмнө материалаа ирүүлнэ, гадаадын этгээдийг оролцуулахгүйг заажээ.
Тендерийн нээлт есдүгээр сарын 30-ны 10:50 цагт Сүхбаатар дүүрэг дэх Засгийн газрын III байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 1 давхар, 106 тоотод болох аж.
Бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлагыг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1565929513717 хуудсаас татаж авах боломжтой.
Харин Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар болж, зураг төсөв нь бэлэн болсон тухай салбарын сайд нь мэдээлж байсан юм.