Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу хайрын үрээр домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлэх аж
ОХУ-ын Улан-Үдэ хотын БАЙКАЛ чуулгын “Баргужин Төхөм. Эртний цуурай” домогт жүжиг энэ сарын 23-ны 19:00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа тавигдах нь.
Жүжгийн зохиолчоор Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, “Байгал” театрын уран сайхны удирдаач Жаргал Жалсанов ажилласан байна. Цус асгаруулсан гамшигт дайныг зогсоож чадсан агуу их хайр сэтгэлийн хүч түүхийн цаашдын өрнөл хэрхэн нөлөөлж чадсан хийгээд энэхүү хайрын үрээр монгол угсаатны эх, домогт Алангуа хатан хорвоод мэндэлсэн тухай жүжигт өгүүлэх аж. “Баргужин Төхөм. Эртний цуурай” нь сэтгэл догдлуулсан бүжиг, хөгжмийн хэлээр чинад эртнээс энэ цагийн бидэнд дамжин улбаалах их түүхийн нүргээнийг өгүүлэх юм.
Хөгжмийн зохиолч, Буриад улсын Төрийн шагналт Галмандахын Баттулга жүжгийн хөгжмийг бичсэн бол буриад улсын үндэсний найрал хөгжим, театрын гоцлоочид амилуулжээ. Домогт жүжигт тоглох уран бүтээлчдийн хувцас, эртний эдлэл хэрэглэл, тайз засал гайхамшигтай уран болсон гэнэ.