Одоогоос гурав хоногийн өмнө Калифорни мужийн далайн эргийн шөнө урьд өмнө болж байгаагүй онцгой үзэгдэл болжээ. Гэрчүүдийн яриагаар тэнгэрт учир битүүлэг хөх ягаан туяа цацарсан гэнэ. Үүнтэй төстэй үзэгдэл хийн үүлнүүд тэнгэрт хуралдах үед болдог байна.
Тэгвэл уг онцгой үзэгдлийн учрыг “SpaceX” технологийн компанийн гүйцэтгэх захирал Элон Маск тайлбарласан юм. “SpaceX Falcon 9” пуужинг хөөргөх үед ийм зүйл болжээ. Гэрчүүд үүнийг “бүрэнхийн үзэгдэл” гэж нэрлэсэн байна. “Бүрэнхийн үзэгдэл” нар жаргах үед Ванденбэрг нисэх хүчний баазаас “Falcon 9” пуужинг хөөргөх үед болжээ.
Пуужин Номхон далай дээгүүр дэлхийн гадаргуугаас 100 км орчим өндөрт хүрэх үед нар хэдий жаргасан байсан ч туяа нь арилаагүй байсан гэнэ. Хиймэл дагуул пуужингаас салахад химийн нэгдэл ялгарч, агаар мандалд үүлтэй шүргэлцэх зуур нарны туяа туссан байна. Хөлдсөн химийн нэгдэл гэрлийн хугарал үүсгэж өнгө өнгөөр солонгорон харагджээ.
Мөн үүнтэй адилхан шалтгаанаар нар жаргах үеийн туяа ягаан, нил ягаан, улаан өнгөөр харагдсан байна.
Эх сурвалж: www.qz.com