СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авто худалдааны цогцолборын 40 саяын контейнер хэний бизнес вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Авто худалдааны цогцолбор хэмээх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ашиглалтад ороод дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Байгуулагдаад дөрвөн жил болсон тус цогцолбор одоогоор 6 000 авто машины худалдаа эрхлэх талбайтай болжээ. Төлөвлөгөө ёсоор 11 мянга гаруй авто машин худалдаалах талбайтай байх ёстой юм.

Үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болсон Авто худалдааны цогцолборын удирдлагууд шахааны бизнес хийж байгаа талаар тэнд ажилладаг худалдаа эрхлэгч, түрээлслэгч нарын өгсөн мэдээллийн мөрөөр бид очиж сурвалжилга бэлтгэлээ.

Авто худалдааны төвийн түрээслэгчид 40 сая төгрөгийн өртөгтэй павилион худалдаж авахаас өөр аргагүй болсноос гадна газрын түрээст сар бүр 150 мянган төгрөг төлж байна. Дээр нь түрээслэгчдийн автомашин тавьж, борлуулж байсан зогсоолыг шахаж, худалдан авагчдаас тусгаарласнаар түрээслэгч нарын ашиг орлого буурч, түрээслэгч нар ихээхэн алдагдал хүлээж эхэлсэн талаар гомдолтой байна.

Харин баруун талаар нь ярайх уг павилионыг Авто цогцолбор ашиглалтад орох үед мөн л 30 саяар түрээслэгчдэд шахжээ.

2015 онд 30 саяар зарагдсан гэх хуучин павилионууд

Хуучныхаа өөдөөс харсан павилионууд одоогоор 21 ширхэг боссон бөгөөд цаашид хэд болж үргэлжлэхийг таашгүй. Энэ талаар бид тэнд авто машины зогсоол түрээсэлэгч хэд хэдэн иргэнээс тодруулсан юм.

А иргэн: АН-ын засгийн үед 30 саяар зарж байсан, одоо МАН-ынхан 40 саяар 

-Энд павилион тавьснаар зогсоолгүй болсон. Машинууд нь харагдахаа больсон. Ийм павилион үсрээд 10 саяын өртөгтэй. Гэтэл энд 30 саяар зараад л... Бүр үргэлжлээд баригдаад л байгаа юм.

Ядаж энийгээ зарлаа гэхэд арай хямд зарж болдоггүй юм уу.

Шинэ ба хуучин павилионууд 

Б иргэн: 5 саяын контейнерийг 40 саяар зарж байна

-Энд анх 10 ширхэг павилион тавина гэж байсан. Сүүлдээ ингээд 20 болчихлоо ш дээ.

-Та бүхний үйл ажиллагаанд нөлөөлж байна уу?

-Нөлөөлөлгүй яах юм бэ, зарж байгаа машиныг хаагаад хаячихаар чинь. Машин харагдахгүй. 30 сая байж байгаад одоо 40 сая болсон сураг байна шүү. 5 саяын контейнерийг аймар л зарж байна. Анх Авто цогцолборын зураг дээр байхгүй л байсан юм билээ.

В иргэн: Авто цогцолборынхон мөнгөний ажил л хийж байна

- Машин үзэх гээд ирсэн хүмүүс энд зогсоод, өөрсдөө наашаа явган орж ирэх ёстой юм. Гэтэл одоо Да хүрээ шиг шахцалдсан, замбараагүй л юм боллоо. Энэ павилионыг барихдаа арай өөр газар барих ёстой байхгүй юу. Одоо мөд удахгүй павилион худалдаж авсан хүмүүс орлогогүй болно. Яагаад гэвэл энд том худалдааны төв баригдаж байна /баригдаж буй барилгыг заан хэлэв/

Энэ бол шаал дэмий мөнгөний ажил. Авто цогцолборынхон мөнгөний ажил л хийж байна. Уг нь тэртээ тэргүй биднээс түрээсийн мөнгө, газрын мөнгө хангалттай авчихдаг. Тэгсэн атал бидний үгийг сонсохгүй.

30-40 сая төгрөгийн үнэтэй павилон одоогоор 21 ширхэг баригджээ

Авто цогцолбор амардаггүй ч АТҮТ, банкны салбар амардаг нь иргэдэд хүндрэл учруулж байна

Түүнээс гадна Авто худалдааны цогцолборынхон амралт байхгүй. Уялдаа холбоо байхгүй. Гол нь Авто тээврийн үндэсний төвийн салбар нь өөрсдөө Даваа гарагт амардаг. Гэтэл цогцолбор нь амрахгүй. Тиймээс бид нэг дэх өдөр /Даваа гарагт/ ирэхээс өөр аргагүй. Энүүгээр үйлчлүүлэгч яваад байгаа учир. Харин Худалдаа хөгжлийн банк нь Мягмар гарагт амарчихдаг. Ингээд хоорондоо ямар ч уялдаа байхгүй. Тийм болохоор бид нэгдээд, гарын үсгээ цуглуулаад Мягмар гарагт буюу 2 дахь өдөр бүгд амардаг байя гэдэг хүсэлт өгсөн боловч одоо болтол шийдэж өгдөггүй.

Уг нь Авто цогцолборын анхын төлөвлөгөөнд сэлбэг, хэрэгслийн 285 павилион, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1,438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар тооцоолжээ.

Эрхэм уншигч та дээрх мэдээлэлд 285 павилион гэх тоо байгааг анзаарсан нь лавтай. Гэхдээ энэ 285 павилион нь сэлбэг, хэрэгсэл худалдаалах зориулалттай байх аж.

Харин бидний онцлоод буй павилион бол хоол хүнс, чихэр жимс, бичиг баримт зэрэг жижиглэнгийн үйлчилгээний үйлчилгээний павилион байсан билээ. Тиймээс ч түрээслэгчид, тэнд үйл ажиллагаа явуулагчид хардах нь зүй биз ээ. Ядаад л Чухам энэ “үнэт эдлэл”-ийн цаана хэний мөнгө угаах бизнес байна вэ гэдэг сонирхолтой. Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан та мэдэх үү? Эсвэл энэ таны бизнес үү?

Бид энэ асуудлаар холбогдох хүмүүсээс тодруулж дахин мэдээлэх болно. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.