МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн Ph.D., профессор Б.Эрдэнэбаттай Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт өмнөх оныхтой харьцуулахад ямар байгаа вэ?
-Одоогоор энэ оны эдийн засгийн статистик дүн гүйцэд гараагүй байна. Эхний хоёр улирлын дүнгээр 7.3 хувийн өсөлттэй байна.
Энэ тоо цаашид хэрхэн өөрчлөгдөхийг оны эцэст харах боломжтой. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг улирлын шинж чанартай.
Гуравдугаар улиралд гэхэд ургац хураалт, газар тариалантай холбоотой илүү өсөлт гараад эдийн засаг буурдаг. Ерөнхийдөө миний бодлоор 7.3 хувиас илүү гарахгүй болов уу. Харин ч эсрэгээрээ буурах байх гэж бодож байна.
Өмнөх онд эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай байсан. Монголын эдийн засаг тогтвортой байх аргагүй. Нэг үгээр хэлбэл улирлын хэлбэлзэл ихтэй.
Өвөл болохоор барилга, уул уурхайн салбар зогсчихдог. Эндээс уналт эхэлж байгааг ажиглаж болно.
-Таны бодлоор эрх жилийн эдийн засгийн төлөв байдал ямар байх бол?
- Дэлхийн эдийн засаг одоогоор сайнгүй байна. Монгол Улсын хувьд Хятад улсаар дамжуулаад дэлхийн эдийн засагтай шууд холбоотой.
Хятад, Америкийн худалдааны дайн Хятадын экспортод тулгуурласан худалдааны салбаруудад нэлээд хүндээр тусна. Тэр нь ч манай улсад нөлөөлнө. Хэдий хэмжээгээр гэдэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Нэг үгээр хэлбэл, энэ нь манай улсад сайн хэрэг биш. Нэгдүгээрт дэлхийн эдийн засгийн гадаад орчин муу. Хоёрдугаарт Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудаж байна.
Гадаад эдийн засгийн байдал муудаж байгаа учраас Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа хүмүүс ихэвчлэн уул уурхайг түшиглэдэг. Энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээ буурах хандлагатай байгааг илтгэдэг.
-Жишээлбэл?
-Оюутолгойн анхны төлөвлөгөө буруу байсантай холбоотойгоор их хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт хийвэл эдийн засагт сайнаар нөлөөлнө.
Бусад уул уурхайд хөрөнгө оруулагч нар харзнах аястай болно. Дээрээс нь манай улс гадаад хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд нэлээд унасан.
Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын төр засгийн хамгийн өндөр шийдвэр гарагчтай холбоотой скандалыг Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчид гаргаж тавьсан байгаа.
Тэр нь олон улсын санхүүгийн зах зээл дээрээс “Чингис” бонд болон бусад нэрээр босгосон бондоос Монгол Улсын шийдвэр гаргагчид нь өөрсдөө гаднын байгууллагатай хуйвалдаад мөнгө хулгайлсан гэдэг мэдээлэл цацсан.
Энэ Монгол Улсад итгэх гаднын хөрөнгө оруулагч нарт сөргөөр нөлөөлж байгaa .
Монгол улс жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой төр засгийн шийдвэр гаргагч нар өөрсдөө мөнгө хулгайлсан.
Тэрийг нь хууль, олон нийтийн байгууллага, дөрөв дэх засаглал хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн илрүүлсэн боловч эдгээр нь шийдэгдэхгүй байна.
Санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шийтгэл авдаггүй юм байна гэдэг ойлголтыг гаднынхан авч байгаа. Үүнийг цааш нь ярих юм бол санхүүгийн хар жагсаалтад орно.
Монгол Улс руу орох болон гарах санхүүгийн гүйлгээнд тавигддаг тарифын бус хоригууд өсөх хандлагатай байна. Энэ нь бизнес эрхлэх орчинд сөргөөр нөлөөлдөг.
-Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бодлого байдаг уу?
-Уул уурхайн салбар гэдэг бол Монгол Улсын ажиллах хүчний тав орчим хувийг нь авч ашигладаг. Үлдсэн 95 хувь нь бусад салбарт ажилладаг.
Уул уурхай онцлогтой бас эрсдэлтэй салбар. Яагаад гэхээр нийлүүлэлтийн муруй гээд бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн харилцан үйлчлэлийн дүнд үнэ тогтдог гэж үздэг.
Эрэлт өндөр байх юм бол бүтээгдэхүүний үнэ өсдөг. Нийлүүлэлт нь их байвал бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг. Уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ тогтоход нийлүүлэлтийн тал сөрөг нөлөөтэй.
Эрэлт унасан ч нийлүүлэлт зогсдоггүй. Яагаад гэхээр уул уурхайд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ганц Монголд биш.
Австралид болон өөр бусад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орнуудад адил тохиолдоно.
Эрэлт нь багасаад байхад нийлүүлэлтээ зогсоохгүй байхаар уул уурхайн үнэ огцом унана.
Зарим улсууд үнэ нь унаж байгаа юм чинь орлогоо нөхөхийн тулд их хэмжээгээр олборлолт хийх ёстой гээд үнийг унагадаг. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг гэж байж болохгүй.
Яагаад гэхээр улсуудын боломжгүй болсон үедээ, өөр төрлийн эдийн засгийн үйл ажиллагаа явуулж чадахгүй болохоороо эцэст нь хийдэг зүйл юм.
-Уул уурхай дахь гаднын хөрөнгө оруулалт Монгол Улсад ашиг өгч чадаж байна уу?
-Манай улс уул уурхайн нөөц бололцоогоо ашиглахыг хүсэж байгаа. Тэр нөөц бололцоогоо ашиглахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.
Яагаад гэхээр, тоног төхөөрөмж, техник технологи оруулж ирэх шаардлагатай. Хэрвээ гадаад хөрөнгө оруулагч байхгүй болбол бид өөрсдөө оруулж ирэх шаардлага гарна.
Тэгэхээр асар их хэмжээний америк долларыг монголчуудаас худалдаж аваад гаднаас тоног төхөөрөмж авна гэсэн үг. Үүнийг дагаад төгрөгийн ханш унана.
Харин гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайд орж ирвэл ийм үзэгдэл болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын нэг давуу тал эдийн засгийг ханшийн хэлбэлзлээс хамгаалж байдаг.
Уул уурхайд орж ирсэн гадаад хөрөнгө оруулалтын үр ашиг юугаараа илүү вэ гэхээр технологийн өндөр төвшинтэй, боловсронгуй тоног төхөөрөмжтэй компаниуд Монгол ирж ирнэ.
-Сангийн яамнаас эдийн засгийг нэмэгдэх төлөвтэй гэж мэдээлсэн таны хувьд яах бол?
-Эдийн засгийг Засгийн газрын хэрэглээ өсгөдөг. Засгийн газар их хэмжээний зүйл хэрэглээд эхлэх юм бол аж ахуйн нэгжүүд хөдөлгөөнд ордог.
Мөн хувийн хэрэглээ өснө. Хүмүүс банкнаас зээл авч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний газрууд байгуулах нь эрэлтийг бий болгодог.
Үүнээс гадна хөрөнгө оруулалт, цэвэр экспорт гэсэн таван их үүсвэрээс эдийн засгийн өсөлт бий болно.
Энэ таван зүйл өсвөл эдийн засаг дагаад өснө гэсэн үг. Мэдээж зарим нь өсөөд, үлдсэн нь өсөхгүй бол цэнэгүүд нэмэх хасах болж устаж эхэлнэ.
Х.Доржпалам