“Ээжээ, ажилдаа битгий яваач
Эс тэгвэл би хэнтэй тоглох юм бэ?
Ээжээ, та ажилдаа явлаа гээд
Илүү мөнгө олж чадахгүй
Өсч том болохоороо би лав
Ээжийгээ дахин ажил хийлгэхгүй...”
Энэ бол Хятадын хөгжимчин, инээдмийн жүжигчин Ян Лифейн зохиосон дуу юм. Цахим сүлжээнд зарим эцэг эх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид дууг эсэргүүцэн, санал зөрөлдөн маргалджээ.
Хятадын төрийн мэдлийн CCTV-ээр Ян энэ дуугаа охинтойгоо хамт дуулснаас хойш маргаан гарч эхэлжээ. Дууны үг бүрэн эрхээрээ нийтлэгдсэний дараа төрийн мэдлийн томоохон телевиз чухам яагаад энэ дууг эфиртээ цацах болсон, гэрлэлт гэр бүлийн амьдралыг эсэргүүцсэн өнгө аястай хэмээх шүүмжлэл ар араасаа гараад байгаа юм.
Цахим сүлжээнд “түүний ээж зохиолчийг хангалттай хайрладаггүй байсан бололтой. Магадгүй ээж нь аль эрт орхиод явсан байх” хэмээн нэгэн хэрэглэгч бичжээ. Өөр нэг хэрэглэгч “чиний ухаан самуурсан бололтой, аав чинь ээж шиг чинь мөнгө олдоггүй байсан хэрэг үү?” гэх мэтээр бухимдсан сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
“Ээж маань хоёр ажил зэрэг хийдэг байсан. Ажлаа тараад гэртээ ирэхдээ эзэгтэйн үүргээ ч умартаж байгаагүй. Би түүнийг жинхэнэ феминист байсан гэдгийг одоо л ойлгож байна” гэх мэтээр төрөл бүрийн сэтгэгдэл үлдээжээ.
Эдгээр шүүмжлэлийн хариуд дууны зохиогч Ян охиноо ердөө хоёр ойтой байхад нь энэ дууг хөгжилтэй байхын тулд зохиосон хэмээн тайлбарласан байна. Охин нь ээжийгээ ажилдаа явах бүрт уйлдаг байсан тул охиндоо дуулж өгдөг байснаас эхнэрийгээ бага цалин авдаг гэж бусад эмэгтэйчүүдийг эмзэглүүлж гомдоохыг хүсээгүй гэжээ. Тэрээр мөн эмэгтэйчүүдийг чин сэтгэлээсээ хүндэлж хайрладаг, эхийн хайрыг биширч явдаг нэгэн гэдгээ Weibo хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com