Дархан-Улаанбаатар хоорондын 205 км автозамын ажлын өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай холбоотойгоор Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн залуучуудын холбооны залуус мэдээлэл хийлээ.
Тэдний зүгээс томоохон бүтээн байгуулалтын ажлын явц маш муу, уг авто замын ажлыг төрийн байгууллагууд хянаж, ажлыг хурдан шуурхай явуулахгүй байгаа тул иргэд төрийн ажлыг хянаж өөрсдийн дуу хоолойгоо өргөж байна гэсэн юм.
Өмнө нь Дархан-Уул аймаг руу жижиг тэргээр 3 цаг зорчдог байсан бол одоо тоос шороотой, шавар шалбаагтай, үзэгдэх орчин алдагдсан замаар 6-7 цаг явж байгаагаас гадна шатахууны хэрэглээ хоёрдахин ихсэж, автомашины эд анги хэрэгсэл эвдрэх болсон.
Дарханы замд энэ оны эхний хагаст 300 гаруй хүн амь нас эрсэдсэн, 200 гаруй гэмт хэрэг гарсан, эрүүгийн 57 гэмт хэрэг шалгагдаж байна. Ийм хүнд байдалтай байхад яагаад Ерөнхий сайд юу ч дуугарахгүй байгаа юм бэ?
Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд “Зүгээр нэг барилгын макетыг муухай хийсний төлөө салбарын сайд, холбогдох дарга нарыг “зайл” гээд байгаа мөртлөө Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцахгүй, салбарын сайдаас нь ажил нь хэр явж байгаа талаар асууж тодруулахгүй байна.
Өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд “Эрдэнэт” үйлдвэртэй танилцах үеэрээ галт тэргээр очсон. Тэрний оронд дээрх авто замаар зорчиж, бодит байдалтай танилцах хэрэгтэй байсан юм.
Иймд Ерөнхий сайдад зориулж гурван аймагт хийгдэж байгаа авто замын ажлын явц, жолооч нар ямар замаар зорчоод байгаа, зам засварын улмаас зам тээврийн осолд өртсөн байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэнг энэ сарын 15-нд Сүхбаатарын талбай олон нийтэд дэлгэн харуулна” гэсэн юм.
2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах үүрэг даалгавартайг салбарын сайд нь хэлж байсан билээ.