Нийтэлсэн:
Admin
5 жилийн өмнө
“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ: Ард нийтийн санал асуулгыг яагаад ээлжит бус сонгуультай хамт хийж болохгүй вэ?” сэдэвт илтгэл, хэлэлцүүлгээс гаргасан
ЗӨВЛӨМЖ УРИАЛГЫН ТӨСӨЛ
2019 оны 9 дугаар сарын 24-ний өдөр, Мягмар гараг, Улаанбаатар хот.
“Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Ард нийтийн санал асуулгыг яагаад ээлжит бус сонгуультай хамт хийж болохгүй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон хууль зүй, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн салбарын залуус, МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БИД:
- Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, түүний дотор парламентын ардчиллыг бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдлын баталгаа мөн болох тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасныг нотлон
- Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг тэмдэглэн
- Төрийн тэргүүн хэмээгдэн ард түмнийг төлөөлөн ёслох эрх Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа боловч ард түмнийг төлөөлөн шийдвэр гаргах бүрэн эрх гагцхүү Монгол Улсын Их Хуралд буйг цохон тэмдэглэж
- Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн өнөө хэлэлцэгдэн буй төслийн тухайд УИХ-ын бүрэн эрхийн гурван хугацааг дамжин судалгаанд үндэслэн боловсруулагдаж, үндэсний улстөрийн зөвшлийг нэгэнт үүсснийг дэмжиж, энэ зөвшлийг цаг үеийн явцуу сонирхол, ирэх жилийн сонгуулийн хар ухуулгын бай болгохыг эсэргүүцэн
- УИХ-ыг хариуцлагатай, Засгийн газрыг тогтвортой, шүүхийг хараат бус, шударга ажиллуулах зорилгоор төслийн заалтыг дэмжиж, байгалийн баялаг, улстөрийн намын асуудлаарх зарим заалт эдийн засаг, нийгмийн хөгжлийн цаашдын замд саад болж магадгүй боловч хууль тогтоох, хуулийг тайлбарлах замаар тэдгээрийг даван туулах боломжтой тул төслийг бүхэлд нь дэмжихийг уриалж
Ард түмэн, нийт иргэн, тэдгээрийн төлөөллийн бүх байгууллага, түүний дотор Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад хандан дараах уриалгыг гаргаж байна:
- Холбогдон шалгагдаж буй хэргээр шалтаглан гэм буруу нь тогтоогдоогүй байхад гишүүдийг нь улстөрийн зорилгоор яллаж УИХ-ыг тараах явдал парламентын засаглалыг үгүйсгэн өнөө оршин буй төрийн тогтолцоог устгах санаархал болох учир гэмт хэргийг шалгах явц, хууль тогтоох үйл ажиллагааг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг баримтлан тус тусад нь ялгамжтай явуулах;
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Улсын Их Хурлын сонгуулиас тусад нь явуулах;
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдээр батлуулах эсэхийг шийдвэрлэх Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй нөхцөлд Ард нийтийн санал асуулгыг Өвлийн хахир цаг эхлэхээс өмнө буюу 11 дүгээр сарын 10-аас өмнө хийхээр нэн яаралтай товлон зарлах;
- УИХ тарвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэхийн тулд дагалдан гарах хууль тогтоомжийг батлан гаргах улстөрийн үүрэг хариуцлагаасаа зайлсхийсэн хэрэг болохыг сануулан үүргээ ухамсарлаж, эхэлсэн ажлаа хариуцлагатай дуусгах.