БНСУ-ын эмч алдаа гаргаж буруу эмэгтэйд үр хөндөлт хийсэн болохыг цагдаагийн газраас мэдээлжээ. Наймдугаар сарын 7-ны өдөр зургаан долоо хоногтой жирэмсэн эмэгтэй Сөүл хотын Гансо дүүргийн эмнэлэгт үзүүлэхээр очсон байна. Гэвч түүний эрүүл мэндийн дэвтэр солигдож, эмэгтэйн биеийн байцаалтыг шалгалгүй үр хөнджээ.
Дүүргийн цагдаагийн газраас үр хөндөлт хийсэн эмч, сувилагчийг мөрдөн байцааж хэргийг нь прокурорын газарт шилжүүлэх гэж байна. Холбогдох албаны хүмүүс эмнэлгийн ажилтнуудыг ажил мэргэжилдээ тоомжиргүй хандаж хариуцлага алдсанаас өвчтний бие махбодид хохирол учруулсан гэж буруутгажээ.
Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагийн дамжуулснаар өвчтөнд тариа хийх үед витамин тарих гэж байна гэж бодсон боловч мэдээ алдуулж нойрсуулсан байна. Үүний дараа эмч, сувилагч хоёр эмэгтэйн биеийн байцаалт нэр хаягийг тулгаж шалгалгүй үр хөнджээ. Мэдээ алдаж нойрссон эмэгтэй үр хөндүүлж байгаагаа мэдээгүй байна.
Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард үр хөндөлтийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал гарсан ба 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл хуулийн төслийг дахин боловсруулах ажээ. Одоо хэрэгжиж буй хуулиар үр хөндөхийг хууль бус үйлдэл мөн гэж үзэн жил хүртэл хугацаанд хорих ял оноох юм. Эцэг эх нь удамшлын өвчтэй, цус ойртсон, хүчирхийлэлд өртсөн болон ураг эхийн амь насанд халтай тохиолдолд үр хөндөхийг зөвшөөрдөг байна.
2018 оны судалгаагаар БНСУ-д 50,000 эмэгтэй үр хөндүүлжээ. Бодит тоо баримт үүнээс ч их байгаа гэж эх сурвалж дурджээ.
Эх сурвалж: www.cnn.com