Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шавийг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар:
-Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч байгаа. Үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарна. Байрны 1 ам метр нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүгдийг нь нэг дор байхаар төлөвлөсөн нь давуу тал болж байгаа хэмээлээ.
“Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна. Манай компани нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай хамтран өнгөрсөн тавдугаар сарын 14-нд уг төслийг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Дорнын их гэгээ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Одбаяр ярилаа.
Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм байна.
Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлж байгаа юм. Нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэгээс авахуулаад төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн орон сууцны иж бүрэн хороолол барихаар төлөвлөөд байгаа аж.
“Эхний ээлжинд бид 46 га талбайд төлөвлөлт хийж байгаа. Дэд бүтцээ бид өөрсдөө шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалтаа зарлахад бэлэн болоод байна. Бид компаниудтай барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна. Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон бусад газарт газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулна. Зарим талбар дээр компаниуд нэгдээд орж болно” хэмээн НОСК ХК-ийн захирал Б.Сүхбаатар ярилаа.