"Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмсэнийг эсэргүүцэж, ТУЗ-ийн гишүүд болон түрээслэгчид НЗДТГ-т хандах болсон талаар мэдээлэл хийлээ.
Түрээслэгч Д.Пүрэвбаатар:
-“Дүнжингарав” худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 110-142 хувиар нэмлээ. Энэхүү нэмэгдлийг далимдуулан "Нарантуул" болон бусад худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 30-40 хувь нэмэх боломж бүрдэнэ. “Дүнжингарав”-ын гэрээ нь яг үнэндээ боолын гэрээ байдаг. Энэ гэрээнд түрээслэгчийн эрх ашгийг хамгаалсан зүйл огт байдаггүй. Дуртай үедээ үнээ нэмдэг, дуртай үедээ түрээслэгчээ хөөж явуулдаг хэт нэг талыг барьсан гэрээ байдаг. АН-ын гишүүд түрээсийн төлбөрийг огцом нэмж, 4000 төгрөгний бандаашийг 8000 болгон өсгөж халаасыг нь сэгсрэх байдлаар сонгуулийн санхүүжилтээ босгож байгааг эсэргүүцэж байна.
Түрээслэгч Ч.Сүхбат:
-Би “Дүнжингарав” худалдааны төвийн анхны түрээслэгчдийн нэг. Бид түрээсийн үнийг огцом нэмсэнтэй холбоотойгоор хотын захиргаанд гомдол гаргах явцад түрээсийн үнийг 1,4-1,7 сая төгрөг болгон нэмж байна гэдэг мэдэгдэл ирсэн. Түүгээр ч зогсохгүй та нарын түрээсэлж буй талбайг худалдан авах саналаа гурав дахь этгээдээс ирүүлсэн тул та нар худалдан авах эсэх тухайгаа мэдэгдэнэ үү гэсэн бичиг ирсэн.
Бидний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Төр бидний эрхийг яагаад хамгаалахгүй байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхий сайд болон Хотын дарга нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид сонгогчдынхоо эрхийг хамгаална. Бид хэнээс ч айхгүй” гэсэн. Энэ үгэндээ хүрээч ээ.
Үйлдвэрчний хорооны дарга Д.Лувсанцэрэн:
-“Дүнжингарав” худалдааны төвийг хоосон байшин байхад бид орж байсан. Биднийг орох үед та нар эрсдэлээ үүрээрэй. 4-5 жилийн дараа ашиг олно, тэр үед ашгаа хуваана гэж ярьж оруулж байсан. Тэгээд бид худалдан авагчгүй дөрвөөс таван жил чардайсны эцэст арай гэж ашиг олж эхлэнгүүт та нарын түрээсийг нэмнэ. Та нарын лангууг зарна гэж дарамталж байна. Монгол Улсын маш олон хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг “Дүнжингарав” ХХК хийж байна.