СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын хөгжлийг илэрхийлэх дөрвөн технологи

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Бээжингийн “Beijing Foreign Studies” их сургуулиас өнгөрсөн онд дэлхийн 20 гаруй орны залуусаас “Хятад Улсын нэвтрүүлж буй технологиос алийг нь эх орондоо хэрэгжүүлэхийг хүсч байна вэ” гэсэн санал асуулга явуулжээ. Оролцогчдын олонх нь өндөр хурдны галт тэрэг, “wechat”, утсаар төлбөр төлөх, цахим худалдаа, дугуйн солилцоог нэрлэсэн байна. БНХАУ ирэх он хүртэл өндөр технологийн хөгжилд анхаарч ажиллахаар төлөвлөж буй. Тус улсын дэлхийн залуучуудын атаархлыг төрүүлж буй технологийн гайхамшгийн талаар товч хүргэе.

ӨНДӨР ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ

Ямар галт тэргийг өндөр хурдных гэх вэ гэдэг талаар нэгдсэн ойлголт байдаггүй. Хэдийгээр Европын холбооноос цагт 250 км-ээс дээш хурдалбал өндөр хурдны гал тэрэг гэж тодорхойлдог ч одоогоор цагт 400 км-ээс ч илүү зам туулдаг болоод байна. Дэлхий дахины төмөр замын байгууллагын (UIC) мэдээлснээр, Японы “Shinkansen” дэлхийн хамгийн анхны өндөр хурдны галт тэрэг аж. Харин БНХАУын анхны хурдан галт тэрэг 2008 онд Зуны олимпийн өмнөх өдөр Бээжингээс Тяньжин хотын чиглэлд хөдөлж байв. Өнөөдөр БНХАУ дэлхийд хурдны галт тэрэг, төмөр замын сүлжээгээрээ тэргүүлдэг болоод байна. Тус улс соронзон дэр бүхий өндөр хурдны галт тэрэгний замтай. Шанхайн чиглэлийн ийм галт тэрэгнүүд дунджаар 430 км/ цаг хүртэл хурдалдаг. Бээжингээс Харбин хот хүртэлх төмөр замыг долоон жилийн дотор, Бээжингээс Шанхай хүртэлх 1500 км замыг дөрөвхөн жилийн дотор барьсан. Төмөр зам барих нэг ажил. Харин түүгээр явах галт тэрэг үйлдвэрлэх өөр ажил. Саяхныг хүртэл хятадууд Европ, Хойд Америк, Японы (“Bombardier”, “Alstom”, “Siemens”, “Kawasaki”) галт тэргийг авдаг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлэдэг болоод байна. Үйлдвэрлээд зогсохгүй гадагш нийлүүлдэг ч болжээ.

МОБАЙЛ ТӨЛБӨР

Мобайл төхөөрөмжөөр хамгийн анх 1997 онд Финландад төлбөр төлж байжээ. Үүнээс хойш олон улсад мобайлаар төлбөр төлөх аргыг оролдож үзсэн ч бүтэлтэй болохгүй байв. Харин 2014 оноос мобайлаар төлбөр төлөх нь хурдацтай хөгжих болсон. Одоо хятадууд төлбөрөө “Wechat” ашиглаж, мобайл хэлбэрээр төлдөг болоод байна. БНХАУ “WhatsApp”-ийг дууриалган “Wechat” зохион бүтээж 2011 оноос ашиглаж эхэлсэн. “Wechat” 2016 оны байдлаар дэлхийн хамгийн идэвхтэй хэрэглэгчидтэй аппликейшн болж, 2017 оноос дэлхий дахин өргөн хэрэглэдэг болов. “Wechat”-аар төлбөр төлж, хоорондоо харилцахаас гадна хүний амьдралыг хөнгөвчлөх олон үйлчилгээ авч болдог. Тухайлбал, 

  • Мөнгөн шилжүүлэг
  • Хүргэлтийн хоол захиалга 
  • Такси дуудлага 
  • Бүх төрлийн төлбөр төлөх 
  • Кино билет захиалах 
  • Буудал захиалах 
  • Онлайн худалдан авалт

ЦАХИМ ХУДАЛДАА

Майкл Альрих гэх хүн анх 1979 онд Их Британид цахим худалдааны эхлэлийг тавьж байжээ. Харин дэлхий дахинд 1990-ээд оноос цахим худалдаа хөгжиж, 1995 онд “Amazon”, “eBay” зэрэг компани үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. БНХАУ-д 1999 оноос цахим худалдаа хөгжиж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд хурдацтай хүрээгээ тэлсээр байгаа юм. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академиэс гаргасан “Хятадын цахим худалдааны тайлан”-д дурдсанаар, 2017 оны арванхоёрдугаар сараас өнгөрсөн оны тавдугаар сар хүртэлх хугацаанд Хятадын цахим жижиглэн худалдаа гурван их наяд юань хүрч, 2016 оны бүтэн жилийнхээс давж, рекорд тогтоосон байна. Энэ оны эхний улиралд хятадууд америкчуудаас хоёр дахин их цахим худалдаа хийжээ.

УНАДАГ ДУГУЙ ТҮРЭЭСЛЭХ

1960-аад оны үед Нидерландад хамгийн анх “Цагаан унадаг дугуйны төлөвлөгөө” буюу гудамжиндаа унадаг дугуй байрлуулж хүн бүрт хүссэн үедээ ашиглах боломж олгож байжээ. Гэвч хулгай, дээрэм нэмэгдсэн учир цуцалж байсан гэнэ. Тэгвэл 1990-ээд оны сүүлчээр Европын орнуудад дугуй түрээсэлж эхэлсэн байдаг. Европын орнуудтай харьцуулахд БНХАУ-д уг үйлчилгээ нэвтрээд удаагүй. Тус улсад “Sharing economy” буюу өмчилж, эзэмшихийн оронд түрээсээр ашиглаж, олуулаа хуваалцдаг арга хурдацтай хөгжиж байна. Гар утаснаасаа ганц товч дараад үнэтэй автомашин, гүйлтийн зам, унтах орноос эхлээд унадаг дугуй, шүхэр хүртэл түрээслэх үйлчилгээ тус улсад бий. Дугуй түрээслэхдээ “Wechat”-ний тусламжтайгаар код уншуулж төлбөрөө төлдөг. Хятадын хамгийн том дугуй түрээслэгч компани бол “Ofo”. Тус компани Энэтхэгийн долоон хотод дугуй түрээслэх үйлчилгээ нэвтрүүлээд буй. Мөн ОХУ-ын томоохон хотуудад ч туршихаар төлөвлөж байгаа аж. “Xiamen” их сургуулийн профессор Шу Гончэн “Дээр дурдсан технологиуд Хятадаас үүсээгүй ч дэлхийн улс орнуудын технологийг хөгжүүлж чадсан” гэдгийг онцолсон байдаг.

http://www.bbc.com/news/worldasia-china-43406560

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.