СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-09-24

LIVE: УИХ-ын ээлжит бус сонгуулийг АНСА-тай хамтатган явуулж болохгүй!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Нам, улстөр хамаарахгүй залуусын санаачилга, нэгдэл дор "Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөн"-өөс өнөөдөр МУИС-ийн Номын санд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ” хэлэлцүүлгийг зохион байгуулав.


Хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэхээр болсны ач холбогдол, иргэдэд УИХ-ын эрх мэдлийг шилжүүлж байгаа тухай болон энэ чухал үйл явдлыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган зохион байгуулах нь олон эрсдэлийг дагуулж байгаа учир шалтгааныг тайлбарлалаа.


Хуульч Ж.Эрхэмбаатар:
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг сонгуулиас тусдаа явуулаач гэдэг шаардлага уриалгыг олон нийтэд түгээж байна. Мөн ийм шаардлага тавьж байгаа үндэслэл шаардлагаа хуулийн үндэслэл гаргалгаатайгаар хүргэхээр өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. АНСА-ыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган хийснээр хэд хэдэн ноцтой эрсдэл үүсч болзошгүй байгаа. Дээр нь . Үндсэн хуулийг иргэдийн саналаар батлахдаа нийт төслийг бүхэлд нь дэмжинэ, дэмжихгүй гэдэг хоёрхон сонголтын өмнө ирээд байгаа учраас бид бүхэн олон нийтэд мэдээлэл хийж байна. Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн төслийн 60 орчим хувийг би хувьдаа дэмжиж байгаа учраас нэмэлт өөрчлөлтийг дэмжүүлэхээр уриалж байгаа юм шүү.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан:
-Парламентын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө гэх мэт манай нийгмийн хамгийн чухал суурь ойлголтын асуудлаар залуучууд уулзаж, санал санаачилга гаргаж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоох ажиллагааг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, шүүх засаглалыг хараат бус байдлыг хангах, Засгийн газрыг тогтвортой байлгах олон зүйл заалтууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орсон.
Анхны ардчилсан хуулийг 1992 онд батлахдаа 900 орчим мянган хүнийг санал авсан, маш олон хүний санал дээр тулгуурлаж хийсэн учраас эргээд протоколыг нь харахад үнэхээр бахархал төрүүлэм байдаг. 1992 оны Үндсэн хуулийн гол амин сүнс нь парламентын тогтолцоо байсан. Яагаад энэ тогтолцоог авсан бэ гэхээр Орос, Хятад гэх хоёр том гүрний дунд байгаа учраас нэг хүнд эрх мэдлийг төвлөрүүлэх бус олон түмнээс сонгогдсон парламентын засаглалаа бэхжүүлэх нь хараат бус байдлаа хамгаалахад чухал үүрэгтэй хэмээн үзэж сонгосон байдаг. Парламентын засаглал маань муу муухай бүхний үүр уурхай болоогүй, ардчилал хөгжлийн шилдэг жишээ болоогүй байж болох ч адагт нь ч бас хүрчихээгүй. .

Зүгээр судалгааны дүнг л та бүхэндээ танилцуулахад Хууль дээдлэх ёс өндөр хөгжсөн эхний 30 орон парламентын тогтолцоотой, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг эхний 30 улсын дийлэнх нь парламентын тогтолцоотой, өндөр хөгжилд хүрсэн эхний 30 орны дийлэнх нь мөн л парламентын тогтолцоотой байна.
Сүүлийн таван парламент дамжиж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Мэргэжлийн байгууллагуудын шүүлтүүр, зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын санал, Ерөнхийлөгчийн өгсөн санал, АН-ын санал гэх мэт маш олон санал шүүмжлэл, шүүлтүүрээр орсон энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулъя.
• Засгийн газрын дундаж нас 1.8 жилийн хугацаатай болсон гажуудлыг арилгаж байгаа.
• Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал сүүлийн 28 жилийн турш огт хэрэгжээгүй. Үүнийг бий болгосон.
• Ерөнхий сайд бие даан сайдаа парламентад оруулж ирдэг болгосон. Харин өөрөө огцруулдаг томилдог эрхийг нь олгохгүй байя гэж үзсэн.
• Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэхтэй хамт хянах тогтолцоог маш сайн тавьж өгсөн.
• Төрийн аудитыг хараат бус болгож өгсөн.
• Хөгжлийн бодлого төлөвлөлтийг маш тогтвортой байхаар зааж өгсөн.
• УИХ-ын чуулган нэг улиралд 50-аас доошгүй өдөр хуралддаг байсныг 75 болгон өөрчилсөн.
• Сонгуулийн хуулийг өөрчилдөг байсан явдлыг халж, ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглож өгсөн.
• Улс төрийн намууд иргэдээс авсан саналдаа тохирсон санхүүжилтыг төрөөс авдаг болж байна. Ерөнхийлөгчид хуулиар олгосон маш олон эрхийг хязгаарлаж, үндсэн эрхийг нь тодотгож өглөө.
• Шүүх нэг хүнээс хэт хараат байсныг өөрчилж, хараат бусаар ажиллах боломж бололцоог бүрдүүлж өглөө.
• Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эдийн засгийн эрх зүйн үндсийг тавьж өгсөн.
• Тэргүүлэгч гэдэг зүйлийг огт байхгүй болгож байна.
Хэрвээ бид Үндсэн хуульд энэ өөрчлөлтөө оруулж чадахгүй бол Ерөнхийлөгчийн засаглалтай болох вий гэдэг болгоомжлол бий болно. Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөчихөөд Үндсэн хуульдаа баяртай гэж хэлсэн, Үндсэн хуулийн хамгийн гол зүйл болох парламентын засаглалыг устгах гэж байгаа Ерөнхийлөгчийн санаархал биелж магадгүй болно.


Хуульч Ж.Эрхэмбаатар:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ард иргэдэд очоогүй. Таниулга мэдээлэл нь ч хийгдээгүй. Ийм ойлгомжгүй нөхцөлд Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийг яагаад дэмжих ёстой вэ гэдгийг би яръя. Анх өргөн барьсан 62 гишүүний өргөн барьсан төсөл нь шүүх эрх мэдлийг хараат бус болгох, иргэдэд баялгийг тэгш хуваарилах гэх мэт зүйлүүд нь маш сайн байсан. Гэвч энэ төсөл эхний хэлэлцүүлгийг давах явцад маш их өөрчлөгдөж, маш чухал зүйл заалтууд нь дэмжигдэхгүй унасан. Хоёрдугаар хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч ахалж явуулсан. Тэрхүү хэлэлцүүлгээр мөн л маш чухал заалтууд хасагдсан боловч Засгийн газрыг бэхжүүлэх, шүүх засаглалыг бэхжүүлэхэд нэлээдгүй сайжирсан өөрчлөлтүүд орсон. Үндсэн хуульд оруулсан дордохын долоо гэдэг өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц 2017 онд хүлээн авч шинээр маргаан үүсгэсэн. . Засгийн газрын томилгоо зуун хувь Ерөнхийлөгчөөс хараат болно. Нэлээдгүй олон сөрөг хандлага бий болно. Хэрвээ бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн одоогийн төслөө одоо л баталж чадахгүй бол нэг алхам ухарна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу нэмэлт өөрчлөлтийг УИХ, эсвэл иргэд баталдаг. Одоогийн УИХ энэ эрхээсээ татгалзаж Үндсэн хуулийн өөрчлөлтөө иргэдээрээ батлуулах шийдвэрийг гаргасан байгаа шүү.


Эдийн засагч Г.Ганбат:
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зарим зүйл заалт надад таалагдахгүй байгаа. Гэхдээ бүх иргэдийн таалалд нийцүүлнэ гэвэл хоёр сая санал гарах учраас нийтийн эрх ашгаа хамгаалж, бататгах өөрчлөлтүүдээ дэмжин батлах ёстой. Ард иргэд өөрт байгаа эрхээ дөрвөн жилийн турш УИХ-д өгдөг. Харин нэг удаа олдсон түүхэн боломжоо ашиглаж тэр эрхээ өөртөө авъя. 1945 оноос хойш ард нийтийн санал асуулга хоёр дахь удаагаа л явагдах гэж байна. Энэ эрх боломжоо бүрэн дүүрэн ашиглая. х. Тиймээс энэ бүхнээ хамгаалж ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа батлая. Ерөнхийлөгч Монгол Улсын сүүлийн үеийн стан улс болгох гэж байгааг эсэргүүцэж байна.


Хуульч өмгөөлөгч Н.Баасанжав:
-Үндсэн хуулийг хэлэлцэх процессын явцад би Үндсэн хуулиа нэлээн сайн уншиж тодорхой хэмжээнд соён гэгээрч байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэд тодорхой мэдээлэлтэй байгаа гэж би найдаж байна. Одоогийн УИХ түүхэнд бичигдэх байх. Нэр бүхий 62 гишүүн зоригтой санал гаргаад түүнийгээ энэ хүртэл явуулж чадлаа. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг боломжийг олгоогүй ч гэлээ бодитой ахиц дэвшлийг оруулж чадсан. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиа дэмжихийг зөвшөөрч байна гэдэг шийдвэрээ иргэд гаргах түүхэн мөчийн зааг дээр Ерөнхийлөгч хориг тавьчихлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ битгий хүлээж аваасай. Үндэсний эв нэгдлийг сахиулах үүрэгтэй хүн маань тогтвортой байж чадахгүй байна. Ийм улстөржилтийг ухамсартай иргэд бид бүхэн дэмжих ёсгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн 80 гаруй хувийг би дэмжиж байгаа учраас давж гарах хуулиудаар бусад асуудлыг шийдвэрлэж чадах учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг дэмжээсэй гэж уриалж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.