Египетийн нийслэл Кайр, Александриа зэрэг бусад хотуудад өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Засгийн газрын эсрэг жагсаал газар авсан юм. Жагсаалын үеэр 500 орчим иргэнийг баривчлан саатуулсан гэдгийг албан бус эх сурвалж мэдэгдсэн байна.
Гэвч албаны хүмүүс уг мэдээллийг батлаагүй. Жагсагчид эрх баригчид авлига хээл хахуульд автагдаж байгааг болон хүний эрх зөрчсөн үйлдлүүдийг эсэргүүцжээ. Олон улсын эх сурвалжууд Египетийн төрийн эрхийг Абдель Фаттах эль Сиси барьснаас хойш эсэргүүцлийн жагсаал цуглаан гарах нь тун ховор үзэгдэл болсон гэдгийг онцолсон байна.
2013 оноос хойш Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр 10-аас дээш хүн нэг дор цуглаж эсэргүүцлийн жагсаал тэмцэлд нэгдэхийг хоригложээ. Энэ удаагийн жагсаалд залуучууд идэвхтэй оролцсон ба 2011 онд Ерөнхийлөгч агсан Хосни Мубаракийг огцруулсан олон нийтийн жагсаал хөдөлгөөн болсон газруудад нэгдсэн байна. Жагсагчид “Эндээс яв, Сиси”, “Ард түмэн дэглэмийг нураахыг хүсч байна” хэмээн уриалжээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж жагсаал цуглааныг тараахыг оролджээ.
Энэ долоо хоногийн даваа гарагт орон нутгийн хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр жагсаалаас хойш сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсөд утсаар залгаж гэр бүлийн гишүүдээ эрж хайж байгаагаа хэлсэн байна. Хүний эрхийн байгууллагууд Засгийн газар 516 иргэнийг баривчлан саатуулсан гэж үзэж байгаа юм. Тэдгээрийн дунд 18 нас хүрээгүй өсвөр насныхан ч байж магадгүй гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com