Монгол улсад гэр бүл салалтын тоо жил ирэх бүрт 300 орчмоор нэмэгдэж байна гэжээ. Тэгвэл АНУ-д 2008-2016 оны хооронд гэр бүл салалт 18 хувиар буурсан гэдгийг Мэрилэнд Их Сургуулийн судлаачид танилцууллаа. Тэр дундаа 1980-90-ээд онд төрсөн хосуудын дунд салалт маш бага хувьтай байна. Залуу хосууд хэрхэн гэрлэлтээ авч үлдэж байгаа тухай дараах залуу хосуудтай ярилцаж, туршлагаас нь хуваалцлаа.
Мехмет, Жэклин хоёр 2013 онд хамтран амьдарч эхлэхээсээ өмнө нэг жил холоос харилцдаг байж. Жэклиний амьдардаг Калифорнид Мехмет нүүж ирснээр хамтран амьдарч, 2016 онд гэр бүл болсон байна. Шашны үзэл болон нийгмийн байдлаас шалтгаалан тэд зайлшгүй гэрлэх хэрэгтэй болов. Орчин үед хосууд гэрлэхээс хамтран амьдрахыг илүүд үзэх болсон. Мехмет “Бид сайн найзууд. Амьдралынхаа үлдсэн хэсгийг хамт өнгөрүүлэхийг хүссэн. Үнэндээ бид гэрлэснээр хуулийн олон давуу тал бий болсон. Даатгалын нэмэгдэл, татварын хөнгөлөлт гэх мэт. Бид бүх зүйл дээр эрх тэгш ханддаг. Энэ нь биднийг гэрлэлтээ авч үлдэхэд тусалдаг” гэжээ.
Ихэнх хосуудтай харьцуулахад Коди Эндрюс болон Алекс Лоуренс нар хамтдаа илүү олон жилийг үдсэн. 2004 онд нэгэндээ дурлаж, долоон жилийн өмнө гэрлэсэн. Тэд Нью-Йорк хотод гэрлэлтээ бүртгүүлсэн анхны ижил хүйстэн гэр бүлүүдийн нэг. “Хайртай хүмүүсийнхээ өмнө нэг нэгнийхээ төлөө хүлээсэн үүргээ бататгахыг хүссэн. Ижил хүйстэн хүмүүс гэрлэлтээ батлуулах боломж олдсон. Ингэснээр дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтаас ангижирч маш их эрх чөлөөтэй болсон” гэж Коди ярьсан байна. Тэр хамт амьдрах, гэрлэсний дараах амьдрал практик дээр нэг их ялгаагүй ч мэдрэмжийн хувьд асар том зөрүүтэй гэжээ.
Жени нийтэч, хөгжилтэй хамтрагчтай болохыг хүсдэг байж. 2013 онд Зактай танилцсан байна. Хосын харилцааны талаар уншиж, санхүүгийн хувьд ч бие даасан байх ёстой гэж ойлгожээ. “Намайг хүндэлдэг, би өөрөө хүндэлдэг хэн нэгнийг олох амаргүй. Надад эрэгтэй хүн хэрэггүй, гэхдээ миний хүссэн онцгой эр надад бий. Болзооны аппликейшнууд хүмүүст аливаа харилцаанаас сургамж олж авах боломж нь болдог байх. Удаан хугацаанд хамт байснаас гэрлэсэн нь илүү хэрэгтэй” гэж Жени ярьжээ. Тэд маргах үедээ нэгнээ хүндлэх, холбоо харилцаатай байх, нэгэндээ туслах утга учир нь гэрлэлт гэдгийг үргэлж санадаг гэнэ.
Эдгээр хосуудын ярианаас гэрлэлтэд харилцан хүндлэл, эрх тэгш байдал, найз нөхөд шиг дотно байх нь чухал гэдгийг мэдэж авлаа. Шинээр гэр бүл зохиох гэж байгаа болон аль хэдийн нэгнээ олсон хосууддаа амжилт хүсье!
Эх сурвалж: www.bbc.com