Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ОХУ спортын томоохон арга хэмжээнүүдэд оролцох эрхээ алдаж магадгүй гэдгийг анхааруулжээ. Оросын талд лабораторийн мэдээллийн санд гарсан зөрүүтэй мэдээг тайлбарлахад гурван долоо хоногийн хугацаа өгсөн ба хэрэв үүнд багтааж тайлбар хийхгүй бол Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ОХУ-ын баг тамирчдыг Олимпийн наадмууд, дэлхийн аваргын төлөөх тэмцээн уралдаануудаас хасах арга хэмжээ авна гэжээ.
Үүгээр ч зогсохгүй Орос улсын нутаг дэвсгэрт спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах эрхийг нь цуцалж магадгүй нөхцөл байдал үүссэнийг нэмж анхаарууллаа. Допингийн эсрэг агентлагийн Хяналтын комиссын дарга Жонатан Тэйлорын ярьснаар “мэдээллийн санд хадгалагдаж байсан зарим зүйлсийг устгасан баримт гарч ирсэн. Бид Оросын эрх баригчдын тайлбарыг сонсож ойлголцох хэрэгтэй” гэжээ.
Москвагийн лаборатори өнгөрсөн нэгдүгээр сард мэдээллийн сангаа Дэлхийн допингийн эсрэг агентлагт шилжүүлсэн боловч тэдний илгээсэн мэдээлэлд зөрүүтэй, тодорхой бус, устсан зүйлс байгааг хяналтын хороо илрүүлээд байгаа юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос Дохад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ердөө гурав хоногийн өмнө Оросын баг тамирчид оролцохыг хориглосон шийдвэр гаргаснаа даваа гарагт батлан мэдэгджээ.
Хөнгөн атлетикийн ДАШТ-ээс гадна ирэх жил Токиод болох зуны Олимпийн наадам, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-үүдэд орох эсэх нь эргэлзээтэй болж байна.
Эх сурвалж: www.bbc.com