Хөдөө орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, ялангуяа харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд их өртдөг. Жишээ нь, би хэнд хүчирхийлүүлснээ мэдэж чадаагүй, бэлгийн замын халдварт өвчин авч байсан. Эмнэлэгт үзүүлэхээр очиход “Хараагүй байж хэнээсээ авдаг байна. Эрийн донтой байх нь ээ” гэж эмч хэлж байсан. Би эмнэлэгт очих дургүй. Яагаад өвчин авсан талаар асуухгүй байж шууд дүгнэлт хийдэг.
Харааны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагаас...
Яг ийм ялгаварлан гадуурхалт, хөгжийн бэрхшээлтэй эмэгтэйд нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал байж болохгүй мэт ойлголт манай нийгэмд бат оршсоор байна. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссоос санаачлан Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос хийсэн судалгаагаар тогтоожээ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн бий гэсэн тоо бий. Тэдний 45 орчим хувь нь эмэгтэйчүүд. Багцаагаар 45 мянга орчим эмэгтэй хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үг. Эдгээр 45 мянга орчим эмэгтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн ямар нэгэн асуудалтай, эмэгтэй хүн болж төрснийхөө гавъяаг энэ нийгмээс хүртэж чадахгүй явна.
Тэдний тод төлөөлөл болсон Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгортой ярилцлаа. Тэрээр “хөгжлийн бэрхшээлтэй юм байж хүүхэд төрүүлж болохгүй” гэсэн нийгмийн харгислалыг даван эрүүл саруул хүүхэд төрүүлсэн тэвчээртэй эмэгтэйчүүдийн нэг.
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор:
Монгол улс Хүний эрхийн тухай яриад удаагүй. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх бүр хойно, хамгийн сул яригддаг эрх. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал бүр ч байхгүй. Ийм хүмүүст нөхөн үржихүйн эрх байгаа юу үгүй юу гэж яригдаж байгаа үед маш анхаарууштай судалгааг бид хийсэн.
-Судалгааг ямар шалтгаанаар хийх болов?
-Бидэнд /хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд/ эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалт явуулж байсан эмч бидэнд ерөөсөө л жирэмслэлтээс яаж хамгаалах аргыг л заагаад байсан. Гэтэл дундаас нь нэг эмэгтэй ширээ тогшиж байгаад "Миний хувьд ийм мэдээлэл хэрэггүй. Эсэргээрээ бид яаж жирэмслэх вэ, бид яаж хүүхэд гаргах вэ" гэдэг мэдээлэл хэрэгтэй гэсэн. Ингээд яриа дэгдэж эхэлсэн. Тэргэнцэр дээр суугаад 20 жил болсон эмэгтэй нэг ч удаа эрүүл мэндийн үзлэгт ороогүй тухайгаа ярьсан. 40 хүрч яваа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй ганц ч удаа хүнтэй найзалж, нөхөрлөж, ойртож үзээгүй тухайгаа ярьсан. Яагаад гэвэл заавал нэг хүний хараат байгаа учир. Тиймээс л хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийн судалгаа хийх ёстойг ойлгосон. Хүний эрхийн үндэсний комиссоос дэмжсэн.
-Судалгааны дүнгээс ямар асуудлууд гарч ирсэн бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шийдвэрт гэр бүлийнх нь хүмүүс оролцдог байдал маш их. Нэг арга хэмжээнд очъё гэхэд өөрөө шийдээд очих эрх мэдэлтэй хүн бараг байхгүй. Чи тийшээ явж яах гэж байгаа юм, хэн дагуулж явах юм, унааны мөнгөө яах юм...гэх мэтээр хязгаарладаг. Тиймээс эмч нар хүртэл гэр бүлийнхэнтэй нь тохиролцоод л өмнөөс шийдвэр гаргасан тохиолдол их. Тогтолцооны алдаа энд байна л даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах боломжийг олгосон нөхцөл, боломж алга байна. Хэн нэгний хараанд байх нөхцөлийг үүсгэж байна.
Ялангуяа хөдөө орон нутагт кампанит ажил байдлаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд ханддаг. Нэгдсэн байдлаар жирэмснээс хамгаалах тариа хийнэ.
Эмч нарын ажлын үзүүлэлтэд эрсдэлт жирэмсэн байж болохгүй гэх үзүүлэлт байдаг. Эрсдэлт жирэмсэн байвал тухайн эмчийн ажлын үзүүлэлт унах юм байна л даа. Тиймээс хэн нэгэн хөгжлийн брэхшээлтэй хүн жирэмсэллээ гэхэд эрсдэлтэй жирмслэлтэд оруулна. Үүнээс болоод жирэмснээс хамгаалах тариаг шууд хийдэг. Гэвч энэ нь хүний эрхийн маш том зөрчил гаргаж байгаагаа эмч нар өөрсдөө ойлгодоггүй. Ерөөсөө эд хөгжлийн брэхшээлтэй эмэгтэй хүнийг төрж болохгүй, нөхөн үржихүйн асуудалтай байж болохгүй мэтээр ойлгодог.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүчээр үр хөндүүлэх зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхээ зөрчүүлэхээс гадна хүчирхийлүүлэх тохиолдол маш их гардаг тухай судалгаанд гарсан. Харамсалтай нь хүчирхийлүүлж байгаагаа ихэнх нь нуудаг. Яагаад гэвэл, асуудал үүслээ гэхэд яаж явах вэ гэсэн асуудал, нөгөө нь өөрийн болон гэр бүлийн нэр хүндээ унагахаас айдаг.
Хүчирхийлж байгаа хүмүүс нь ихэвчлэн ойрын хүрээллийнхэн. Дан ганц бэлгийн хүчирхийлэл ч бус эдийн засгийн, бие махбодийн, сэтгэлзүйн хүчирхийлэл асар их.
Мэдээж удамших боломжтой хөгжлийн бэрхшээл байж болно л доо. Гэхдээ ихэнх хөгжлийн бэрхшээл удамшихгүй. Тухайлбал, би ослоос хөгжлийн брэхшээлтэй болсон учраас миний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болно гэж байхгүй шүү дээ. Ихэнх оюуны бэрхшээл ч удамшдаггүй. Нийгэмд ийм хандлага байдаг учраас надаас асуудаг л даа. Танай хүүхэд ярьж байна уу, явж байна уу гэх мэтээр...
-Та ээж болоод хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тулгардаг нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлуудыг даван туулаад гараад ирсэн. Тухайн үед ямар бэрхшээлүүд туулж байв?
-Жирэмсний үед жингээ үзэж чадахгүй. Орон дээр гарч чадахгүй учраас гэдсэн дэх хүүхэд томрох тусам дотуур үзлэг хийх боломжгүй. Би эмчээс ямар үйлчилгээ авах, эмч надад ямар үйлчилгээ үзүүлэх нь тодорхойгүй. Даралт үзэхээс өөр зүйлгүй байсаар төрсөн. Азаар эрүүл мэндийн байдал сайн байсан. Түүнээс биш өөр хүндрэлтэй хүмүүс яах байсан бол гэдэг нь асуудалтай.
Жирэмсний шинжилгээний үйл явц хамгийн хүнд. Дугаараа авна, үзүүлэх гэж дугаарлана. Гэтэл бие засмаар болдог. Хамаагүй доргимооргүй байдаг. Тэгтэл шатаар яалт ч үгүй доргилт авч буудаг. Тэр болгонд намайг байнга дагаад явах хүн байхгүй учраас ихэнхдээ ганцаараа явдаг. Хүмүүсээс шатаар буулгаад өгөөч гэж гуйна. Тэгэхдээ би жирэмсэн шүү гээд байнга хэлээд байх хэцүү. Саяхан хагалгаанд орсон юмаа гэж л хэлдэг.
-Төрөхөд эмнэлгийн ор, төхөөрөмж хэр ээлтэй байсан бэ?
-Ямар ч ээлгүй. Тухайн үед би улсын эмнэлгээр үзүүлэх ямар ч боломжгүй болоод хувийн эмнэлгээр үзүүлж явсан л даа. Манай төрөхийн ор дан ганц тэргэнцэртэй хүмүүст байтугай эрүүл хүнд ч хэцүү шүү дээ. Цаашлаад нас ахимаг хүмүүс ч тэр орон дээр гарахад хэцүү. Цээжний зураг авахуулах нь бүр хүндрэлтэй. Ихэнх эмнэлгүүд цээжний зураг авах төхөөрөмжөө босоо хүнд зориулаад суурилуулчихсан. Гэтэл жирэмсний таван шинжилгээ заавал бүрдүүлх хэрэгтэй байдаг. Тэгээд өргүүлж яваад нэг давхарт нь нэг шинжилгээ өгөөд дахиад өргүүлээд таван давхарт нь гараад өөр нэг шинжилгээ өгөх нь маш эрсдэлтэй, хүндрэлтэй байсан.
-Нөхөн үржихүйн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэд нь жил бүр төрж байна гэсэн судалгаа байгаа юу?
-Тийм судалгаа байхгүй. Суурь тоо ерөөсөө байдаггүй юм. Хөгжлийн брэхшээлтэй хэдэн эмэгтэй байна, тэднээс хэд нь төрж байна гэсэн тоо байхгүй. Тийм учраас тэдэн рүү чиглэсэн бодлого ч байхгүй гэсэн үг. Бодлого байхгүй учир үйл ажиллагаа байхгүй. Сая л УИХ-аас гарсан тогтоолд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлаар тоон мэдээлэл гаргах тухай чиглэл гарсан.