АНУ-ын Луизиана мужаас ирсэн залуу найз бүсгүйдээ романтик, дахин давтагдашгүй байдлаар онцгой сэтгэгдэл төрүүлэн гэрлэх санал тавих гэж байгаад далайн ёроолд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хос амралтаа өнгөрүүлэхээр зүүн Африкийн Танзани улсад ирсэн байжээ.
Стивен Вебер найз бүсгүй Кенеша Антойний хамт Пемба аралд усан доор унталгын өрөөтэй зочид буудалд амарч байсан гэж эх сурвалж мэдээлэв. Вебер гэрлэх санал тавихдаа усан доор шумбаж унтлагын өрөөний цонхон дээр өөрийн хайр дурлалаа илэрхийлсэн гараар бичсэн захидлаа барьж харуулсан байна.
Гялгар уутанд хийж уснаас хамгаалсан захидалд “Би чамд ямар их хайртайгаа хэлнэ гэхээс тэсч ядаж байна. Чамайгаа өдөр бүр илүү ихээр хайрлах болно. Миний эхнэр болооч гэж гуйж байна. Надтай гэрлэх үү?” хэмээн бичжээ. Гэвч романтик залуу найз бүсгүйнхээ хариултыг сонсохоор уснаас гарч ирэлгүй живж нас барсан байна.
Кенеша Антойнь уг харамсалтай явдлын талаар өөрийн Facebook хуудастаа “Чи минь тэр гүн харанхуйгаас дахин гарч ирээгүй болохоор миний хариултыг сонсож чадаагүй. Миний хэлэх үг бол Тийм, Тийм, сая удаа Тийм гэж хэлнэ. Тиймээ би чамтай гэрлэнэ” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.
Мөн бүсгүй амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдрүүд хамгийн хүнд хэцүү үе болон хувирсанд, хайртай дотны хүнээ харамсалтайгаар алдсандаа гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Амиа алдсан залуугийн ар гэрийнхэн болсон явдлын талаар хангалттай мэдээлэл аваагүй ба түүний цогцос АНУ-д одоог хүртэл ирээгүй гэжээ.
Танзанийн эрх баригчид мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна. АНУ-ын Төрийн департаментаас тус улсад аялж амарч байсан иргэнээ алдсан гэдгийг мэдэгдсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: www.cnn.com