Иргэд хот хооронд ачаа тээвэр явуулахдаа ихэвчлэн хувь хүнээр, замын унаанд дайж явуулдаг. Тэгвэл Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төв, Лавай автобуудалд илгээмжийн ачааны хэсэг байгуулан зорчигчийн тээш хадгалах үйлчилгээг нэвтрүүлжээ.
Ингэснээр дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан бүртгэлжүүлж, бүртгэлийн програмыг ашиглан тээш хадгалах, хүлээн авах, гардуулах ажлыг зохион байгуулж байна. АТҮТ тээвэрлэлтийн үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран үзүүлж байгаа аж. Нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж яваа зорчигчийн тээш нь тухайн тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт тээвэрлэж болох зөвшөөрөгдөх хэмжээнээс овор хэмжээ, жингийн хувьд их бол тусгайлсан тээш тээвэрлэх автомашинаар тээвэрлэн хүргүүлнэ.
Харин тус тээшний үйлчилгээгээр бүрэн бүтэн бус сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзах бөгөөд бусад тээшинд гэм хор учруулах, бохирдуулах, эвгүй үнэртэй ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхт, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, тэжээвэр амьтанг тээвэрлэхээр хүлээж авахыг хориглох юм байна.