Дэлхийн уран бүтээлчдийн чансааг сорьдог “НордАрт” Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр болдог. 21 дэх удаагийн буюу энэ жилийнх зургадугаар сарын 1-ээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Үзэсгэлэнгийн үеэр “НордАрт-2019” тэргүүн дээд шагналыг шилдэг бүтээлд өгдөг. Энэ онд дэлхийн 100 гаруй орны 3000 уран бүтээлчээс шалгарсан 371 авьяастан нэр дэвшсэн юм. Хамгийн сайхан нь тус хүндтэй шагналыг монгол уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” бүтээлээрээ хүртлээ. Эл бүтээл нь 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц юм.
Түүний хүртсэн “НордАрт-2019” дээд шагналыг дараа жилийн үзэсгэлэнд оролцох эрх, 10 мянган евро дагалддаг уламжлалтай. Уран барималч А.Очирболдын хувьд дээрх Олон улсын үзэсгэлэнд тав дахь жилдаа дараалан оролцсон бөгөөд 2015 онд “НордАрт” симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээлээрээ үзэгчдийн шагналыг хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа эхэлсэн билээ.
Дашрамд дурдахад, уран барималч А.Очирболдын авсан энэхүү дээд шагналыг 2010-2018 онд БНЧУ, ХБНГУ, ОХУ, Итали, АНУ, БНХАУ-ын уран бүтээлчид гардсан юм. Мөн Европтоо хамгийн далайцтайд тооцогддог “НордАрт-2019” үзэсгэлэнд Монгол Улсаас 23 уран бүтээлч, 53 бүтээлээрээ оролцож буй.
Д.Эрдэнэ