Японы Сайд нарын танхимаас өнгөрсөн оны тавдугаар сард баталсан ажиллах хүчний хомсдолд орох эрсдэлтэй салбаруудад гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг япончуудын олонх дэмжсэн билээ. Энэ хүрээнд энэ оны дөрөвдүгээр сараас гадаадын иргэдэд оршин суух хоёр төрлийн эрх олгож эхэлсэн. Нэгдүгээр төрлийн эрхийг тусгай салбарт мэргэшсэн гадаадын иргэдэд олгох бөгөөд Японд тав хүртэлх жилийн хугацаанд ажиллах эрхтэй ч гэр бүлийн гишүүдээ авчрахыг зөвшөөрөхгүй.
Харин хоёрдугаар төрлийн эрхийг илүү өндөр түвшинд мэргэшсэн гадаадын иргэнд олгож байна. Ингэхдээ иргэний тус улсад үлдэх хугацааг хязгаарлахгүй, гэр бүлийн гишүүдээ авчрахыг зөвшөөрөх юм. Япон Улсын Засгийн газар хөдөө аж ахуй, асаргаа сувилгаа зэрэг 14 салбарт гаднаас ажиллах хүч авч буй юм. Гадаад ажилчид авч ажиллуулах талаар япончуудын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 51.3 хувь нь уг хуулийн төслийг дэмжиж, 39.5 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
Тэгвэл өнгөрсөн жилээс Япон Улсыг зорих гадаад ажилчдын тоо хурдацтай өсөх болсонтой холбогдуулан “Washington Post” агентлагаас тус улсад ажиллаж амьдарч буй хүмүүстэй холбогдож, цалин хөлснийх нь талаар мэдээлэл бэлтгэжээ. 27 настай Вар Ну Мьянмараас Японыг зорьсон олон мянган гадаад ажилчны нэг. Тэрбээр Япон явахын тулд 3000 орчим ам.долларын зардал гаргасан бөгөөд дийлэнх хувийг нь ажил зуучлагч байгууллагад төлсөн аж. Тэрбээр долоо хоногийн долоо заримдаа зургаан өдөр өглөөний 07.00-22.00 цаг хүртэл цаасан хайрцагны үйлдвэрт ажилладаг байна. Анх гэрээ байгуулахдаа эхний сардаа 530 ам.долларын цалин цаашлаад сардаа 1510 ам.доллар болж нэмэгдэхээр тохиролцжээ. Энэ нь цагийн 7.91 ам.доллар гэсэн үг.
Гэсэн ч энэ нь Хирошимо хотын цахим бүтээгдэхүүний салбарт мөрдөгддөг цалингийн доод хэмжээнээс бага байгаа юм. Түүнчлэн түүний ажил олгогч цалингаас нь байр болон бусад зардалд нэлээд хэсгийг суутгаж авч үлддэг байсан тул тэр гар дээрээ 836 ам.доллар авч байжээ. Одоогийн байдлаар Азийн олон орноос ирсэн 30 хүртэлх насны 270 мянга орчим дагалдан ажилчин Японы ферм, үйлдвэрүүдэд ажиллаж байна. Бизнесийн салбарынхны хувьд Засгийн газрын дэмжлэгтэй дагалдангийн хөтөлбөр нь гадаад ажилтан ажилд авах хуулийн цоорхой болсон.
Гэвч хуулийн хамгаалалт бараг байхгүй учир гадаадаас ирсэн ажиллах хүчийг ихэвчлэн маш муу, эрүүл мэндэд хортой нөхцөлд ажиллуулж байна гэх шүүмжлэл гарч байгаа юм. Японы Засгийн газрын бүртгэлээс үзвэл 2005 оноос хойш тус улсад 127 дагалдан ажилчин нас барсан байна. Дийлэнх нь цус харвалт, зүрх зогсох гэх мэт шалтгаанаар нас барж байгаа нь ажлын ачаалалтай холбоотойг харуулж байна гэж Хүний эрхийн байгууллагууд үздэг. 2009 онд дагалдан ажилчидтай хууль бус харьцсан 400 гаруй тохиолдлыг Японы Хууль зүйн яам илрүүлжээ.
Тэр дунд аюултай нөхцөл байдалд ажиллуулсан мөртлөө цалин хөлсийг нь олгоогүй тохиолдол ч байсан байна. “Гадаад ажилчдын хамгийн дутагдалтай тал нь анх гэрээ байгуулахдаа хамгийн багадаа зургаан сар эсвэл гурван жил хүртэлх хугацаанд ажилласныхаа дараа ажлаа солино гэсэн заалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурдаг” гэдгийг Гадаад ажилчдын эрхийг хамгаалах холбооны өмгөөлөгч Маскачи Ичикава онцолжээ. Японд ажиллаж буй гадаад ажилчдын тоо 2016-2017 онд 20 хувиар өссөн бөгөөд олонх нь хөдөө аж ахуй болон барилгын салбарт ажилладаг байна.
Түүнчлэн өнгөрсөн онд явуулсан судалгаагаар, ажил олгогч байгууллагын 70-аас дээш хувь нь олон цагаар ажиллуулдаг, аюулгүй байдлын стандарт хангаагүй, бага цалин хөлс олгодог зэрэг зөрчил илэрчээ. Сүүлийн жилүүдэд Хятад, Өмнөд Солонгос, Тайвань тэргүүтэй орон ажиллах хүчний дутагдалд орох магадлал өндөр байгаа юм. Үүнээс урьтаж Шинзо Абэгийн Засгийн газар ирэх таван жилд 260-340 мянган гадаад ажилчин хүлээн авахаар төлөвлөж буй. Япон Улс энэ жил гэхэд 33-47 мянган гадаад ажилтан хүлээн авахаар төлөвлөж байна.
Тус улс ирэх оны байдлаар 600 мянган ажилтан, ирэх таван жилийн хугацаанд 1.35 сая хүртэлх ажиллах хүчний хомсдолд орно гэсэн тооцоо бий. Гэхдээ Япон Улсын Засгийн газраас гадаад ажилчдын цалин хөлс, аюулгүй байдлын стандарт, ажлын цаг зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдэхгүй бол тус улсыг зорих гадаад ажилчдын тоо буурна гэдгийг “Washington post” онцолжээ. Одоогийн байдлаар Японд ажиллаж буй гадаад ажилчдын тоогоор Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улс тэргүүлж байна.
Ц.Даваасамбуу