Хөдөлмөрийн үндэсний нам Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Цэцэд хүргүүлсэн саналын талаар тус намын дарга Б.Найдалаагаас тодруулж, цөөн асуултад хариулт авлаа.
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Ямар үндэслэлээр уг саналыг хүргүүлсэн бэ?
-Монгол Улсын Үндсэн хууль нь төрийн тогтвортой, аюулгүй байдлыг хангаж, энэ нь цаашдаа улсын оршин тогтнох суурь нь болдог. Үүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гишүүд, жирийн иргэдийн аль аль нь зөрчих ёсгүй. Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгаар Монгол Улсын засаглалын хэлбэрийг Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдэг саналыг УИХ даргад хүргүүлсэн. Энэ нь одоогийн Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм.
Ерөнхийлөгч анх сонгогдохдоо одоогийн Үндсэн хуулийг сахина гэж тангараг өргөсөн. Гэтэл хэрэгжиж байгаа Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хөндөж, Үндсэн хуулийг үгүйсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно.
-Хөдөлмөрийн үндэсний нам хэнтий аймгийн нөхөн сонгууль болон бусад асуудлаар үндсэн хуулийн цэцэд удаа дараа хандаж байсан. Эдгээр асуудлын хариу тухай бүрдээ ирж чаддаг уу?
-Өнөөгийн Монголын гашуун үнэн энэ болчихоод байна. Нэг нэгнээ хянаж ажиллах ёстой төрийн байгууллагууд ажлаа хийхгүй байна. Тухайлбал 60 тэрбум, ЖДҮ-тэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй байгаа. Үндсэн хуулийн цэц улс төрийн жижиг ашиг сонирхол намуудад үйлчилдэг болчихсон нь үүнээс харагдаж байгаа юм. Төрийн бусад байгууллагууд ч гэсэн ажлаа гүйцэтгэхгүй байна. Бүх зүйл хуулийн дагуу хяналттай гэсэн нэртэй боловч, бодит байдал дээрээ хулгайч нарт үйлчилсэн тогтолцоотой болсон.
Гэхдээ цэцэд хандахаас өөр гарц байхгүй. Хариуг ирүүлэх үйл явцыг би мэдэхгүй байна.
-Үндсэн хуулийн цэц хуулийн дагуу ажлаа хийвэл танай хүргүүлсэн санал Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа юу?
-Үндсэн хуулийг зөрчсөн нь үнэн гэж дүгнэх юм бол УИХ-ын дийлэнхийн саналаар Ерөнхийлөгчийг огцруулах саналыг авч хэлэлцдэг. Гэхдээ энэ асуудал нь зөвхөн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хувь хүндээ байгаа юм биш. Улсын Ерөнхийлөгч хүн Үндсэн хуулиа сахиж, төрийг тогтвортой байлгах, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Энэ үүргээ гүйцэтгэхээс биш ард түмнийг талцуулах ёсгүй. Ганцхан Ерөнхийлөгч гэлтгүй УИХ дарга, УИХ өөрөө хууль зөрчсөн.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд асуулга явуулах өдрийг нь тодорхой заасан байх ёстой. Гэтэл УИХ ард нийтийн санал асуулга хэзээ болох нь мэдэгдэхгүй битүү утгатай тогтоол шийдвэр гаргасан. Энэ өөрөө хууль зөрчсөн асуудал болж байгаа юм.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хөдөлмөрийн үндэсний нам ямар байр суурьтай байгаа вэ?
-1992 онд баталсан Үндсэн хуулийг би үүргээ гүйцэтгэж чадсан гэж боддог. Харин одоо цаг үе өөрчлөгдөж, асуудал өөр болчихлоо. Үүнийг өөрчлөх цаг нь болсон. Манай нам анх МАН-ын 62 гишүүний санаачилсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байсан. Сайжруулна гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл явцын дунд алсын хараагүй, дахин сонгогдохоо бодсон шийдвэрүүдийг гаргалаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын нийтийн эрх ашигт нийцээгүй хэд хэдэн заалтууд орсон.
Ингэж дордуулсан заалт оруулах юм бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийгээд хэрэггүй. Үндсэн хууль бол нэг өөрчлөлт оруулаад дараа жил нь сольж болдог хууль биш. Үндсэн хууль бол хамгийн багадаа 30 жилийн Монгол Улсын амьдралыг тодорхойлох чухал баримт бичиг. Үүнийг өнөө маргаашийнхаа улс төрийн эрх ашгийг хараад шийдэж болохгүй. Гэтэл өнөөдөр жижиг эрх ашгаар Үндсэн хуулийг өөрчлөөд, энд өөрсдийн жижиг ашиг сонирхлоо тусгачихаад байгаа нь аюул болоод байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэд мэдээлэлтэй байж чадаж байгаа юу?
-Иргэд мэдээлэл багатай байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой танилцуулга нь хаагуур явсан бэ гэдэг асуудал гарч байгаа юм. Магадгүй МАН-ын гишүүдийн хүрээнд хаалттай, явцуу явагдсан. Энэ нь бидэнд танилцуулга явж байгаа мэтээр харагдаж байж болзошгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл сайн өгч, яаралгүй сайн хэлэлцэх ёстой.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн мэдээлэл багатай, ард нийтийн санал асуулга явуулж энэ нь дэмжигдчих юм бол хор хохирол нь өнөөдөр гарахгүй. Дордуулсан долоон зүйл гээд өнөөдрийг хүртэл ярьдаг. Үүн шиг дордуулсан далан зүйл нь улс орныг маш хүнд байдалд оруулна.
Б.Бадралмаа