"Босоо хөх Монгол" бүлгэмээс Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолт хийдэг "Бадрах энержи" компанийн үйл ажиллагааг зогсоож, тус газарт онцгой байдал тогтоохыг төрийн удирдлагуудад шаардаж байгаа тухай болон Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хууль бусаар 300 га газрыг хятадуудад олгосон байсныг тус бүлгэм эргүүлэн авсан талаар мэдээлэл өгч байна.
"Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг:
-"Босоо хөх Монгол" бүлгэм ТББ-ууд нэгдэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хяналт шалгалтаар явлаа. Хяналт шалгалтаар явахад Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулдаг "Бадрах энержи" ХХК ураны хайгууль хийх нэртэйгээр олборлолт эхэлж, газар нутаг, хүн мал гамшгийн хэмжээнд хүргээд байгаа нь тогтоогдлоо. Нутгийн айлуудын мал эрэмдэг зэрэмдэг байдалтай төрж, нэг худгаас ундаалдаг гурван айлын гурван эхнэр зулбасан байсан. Улаанбадрах сум гашгийн хэмжээнд хүрсэн тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус сумыг онцгой байдалд авахыг шаардсан албан бичиг хүргүүлнэ.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга 300 га газрыг 60 жилээр "Сэлэнгэ үндэс" компанид газар эзэмшүүлэхээр өгсөн байна. Гэвч тус компани ашиглалтын гэрчилгээгээ хууль бусаар хятадуудад зарж, уг газар дээр өөр ургамал тарьсан байсныг илрүүллээ. Хууль бусаар 300 га газрыг ашиглаж байна гэх мэдээллийг Сэлэнгэ аймгийг Засаг даргад мэдэгдэж, "Сэлэнгэ Үндэс" ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлуулсан. Түүнчлэн Сэлэнгэ аймагт хятад нинжа нар ажилладаг байсныг хөөлөө.
Урангүй Монголын тэргүүн Х.Худагнаа:
-Дорноговь аймгийн Улаанбадрах сум 1500 гаруй хүн амтай, хяналт шалгалтаар явсан ТББ-ууд 60 гаруй айлаар орж нөхцөл байдалтай танилцахад ард иргэд айдастай, үгээ хэлж чадахгүй, цагдаа нар "Бадрах энержи" компанийг хамгаалж, бид нарыг алхам бүрт шалгасан. Ард иргэдэд нөхцөл байдлыг ойлгуулахад малчид малаа авчран нядлуулахыг хүссэн байгаа. Ингээд малыг нядлахад өмхий үнэртэй, цус нь өтгөрсөн. Дотор эрхтэнүүд нь гэмтсэн байсан. Бид "Бадрах энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах гээд очиход оруулахгүй байсан. Гаднах нөхцөл байдлаас харахад хайгуулын гурван том торлог татсан байсан. Хайгуулиа гүний худгийн ус ашиглан хийдэг бөгөөд энэ нь нутгийн иргэдийн ундны усанд нөлөөлж байна. Төр засгийн удирдлагууд "Бадрах энержи" компанийн үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг нь цуцлуулахыг хүсэж байна" гэсэн юм.