Сүүлийн хоёр өдөр фэйсбүүкийн зарим нэг группт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа худалдаж авна. Нэг ширхэгийг нь 800-30000 төгрөгөөр худалдан авна гэх мэтээр зар явах болсон. Иргэд ч сэтгэгдэл дор зарна, өгнө гэх мэтээр бичсэн байна. Яг авсан эсэхийг мэдэхгүй ч одоогоор эргэлтэнд ороогүй байгаа хувьцааг их хэмжээгээр авах нь ямар учиртай юм бол. Ер нь зарна, өгнө гээд байгаа нөхдүүд Монголын баялгаа өөрөө хүртэлгүй бусдад зүгээр нэг арван хэдэн цаасны төлөө өгөхөд бэлэн “гарууд” цаана чинь байна.
Тэгвэл энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас тодорхой мэдэгдэл гаргажээ. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцаатай холбоотойгоор нийгмийн цахим сүлжээнд зарим нэг худал ташаа мэдээлэл цацагдах боллоо. 1072 хувьцааг худалдаж авч байна гэх зэрэг зар мэдээлэл нь иргэдийг залилан мэхлэж болзошгүй гэмт хэргийн шинж чанартай байна. Иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа нь арилжаалах боломжгүй юм. Иймээс иргэд та бүхэн хувьцаатай холбоотой мэдээ, мэдээллийг найдвартай эх сурвалжаас буюу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн албан ёсны цахим хуудсанд хандах буюу 1800-1072 дугаарт холбогдож авна уу” хэмээсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2511000 хувьцаа эзэмшигч байдаг аж. Одоогийн байдлаар 700000 орчим нь л эрхээ нээлгэжээ. Хувьцаа эзэмшигч иргэн бүгдээрээ эрхээ нээлгэж байж энэ хувьцаа амь орох үндэс болно гэж менежмэнтийн багийнхан тайлбарлаж байгаа.