Александр Габышев хагас жилийн өмнө Якутск хотоос гарч нийслэл Москвад явган аялж ирэхдээ Кремлийн ордонд шүглэсэн буг чөтгөрийн сүнс Владимир Путиныг хөөн зайлуулах төлөвлөгөөтэй байжээ. Тэрээр хэдий нь 2,700 км гаруй замыг туулсан байна. Габышевыг Байгаль нуурийн орчмоос Сибирийн зэвсэглэсэн цагдаа нар баривчилжээ.
Якут бөөг М-53 төв замын ойролцоо майхангаас нь баривчлах цагдаагийн тусгай ажиллагаа явагджээ. Түүнийг баривчилсан гэдгийг Якутын цагдаагийн газраас мэдэгдсэн боловч чухам ямар хэрэгт буруутгасныг тайлбарлаагүй байна.
Кремлийн ордонд шүглэсэн муу ёрын сүнсийг хөөж зайлуулах удаан хугацааны явган аяллынхаа замд Габышев олон дэмжигчтэй болжээ. Гэвч шашны зарим төлөөлөгчид, тэр дундаа бусад бөө түүний үйлдлийг шашин соёл, ард түмний итгэл үнэмшлийг улс төрийн зорилготой ашиглаж байна хэмээн буруутгасаар байсан юм.
Габышев “Бурхан тэнгэр, байгаль дэлхий надад үүнийг хэлсэн юм. Хэрэв Путиныг тарнийн хүчээр буулгаж чадвал Орос орон эрх чөлөөтэй болно” хэмээн ярьжээ.
Эд зүйлээ үүрч, чирэн даяанчлан Кремлийг зорьсон бөөг баривчилсанд Эмнести Интернэйшнл байгууллагаас хүний шашин шүтэх эрх чөлөөг боож, эрхийг нь зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, суллахыг уриалсан байна. Тус байгууллагын Орос дахь салбарын захирал Наталья Звягинагийн хэлснээр “бөөгийн гаргасан үйлдэл хачин жигтэй байж болох ч Оросын эрх баригчид түүний ид шидээс үнэхээр эмээж байгаа хэрэг үү? Габышев улс төрийн талаар байр сууриа илэрхийлэх, шашин шүтэх эрхээ эдэлснээс өөр гэм хийгээгүй учир суллах хэрэгтэй” гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com