СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-20

Аутизмтай хүүхдүүдэд сурах орчин хомс байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Модон хаалга онгойж долоо настай юмуу гэмээр хүүг багш нь хөтөлсөөр гарч ирлээ. Залуухан багш бүсгүй хүүг “алив нааш ир, ийшээ ороорой гэсээр бие засах өрөөнд хамт оров. Байж байгаарай, хүлээгээрэй. Одоо өмдөө тайлна шүү гэх яриа тэдний байгаа газраас тодхон сонсогдоно. Бид аутизм ба бусад онцгой хүүхдүүдийн сургалтын газар ирсэн нь энэ. Үүдээр ороход тод өнгөтэй хана, тааз, тоглоом гээд бусдаас нэг л өөр цэвэрхэн орчин, арай өөр хүүхдүүд угтлаа.

Арай өөр гэж онцолсон нь тэд өөрийгөө илэрхийлэхдээ үг яриагаар биш авиа ашигладаг. Биднийг очих үед 6-7 настай хүүхдүүдийн сургалт хичээллэж таарлаа. Тэд ихэвчлэн зургаар багш нартайгаа харьцдаг аж. Тухайлбал, идэх болон уух зүйлийн зураг баривал идэх хоол хэрэгтэй, чанга авиа гаргавал тусламж хэрэгтэй байгааг ойлгож болно. Тэд цонхны тавцан дээр авирч, өрөөнийхөө хаалга руу мацах үйлдлүүдийг хэдэн мянган удаа давтсаар. “ширээндээ суугаарай, хичээлээ хийе” гэж багш нь хөтөлсөөр тэднийг суулгана.

Бүх зүйлд анхаарал халамж шаардлагатай. Өнгө алагласан тоглоом, өлгөж хэвлэсэн дүрс тэдэнд тийм ч сонин биш байх шиг. Тааз руу ширтэж, даавуу хөхөж, багшаараа хөтлүүлж, амттан идэх л сонирхолтой байгаа бололтой. Хүүхдүүд ярьж чадахгүй болохоор хүссэн зүйлээ булааж авдаг байна. “Үгүй, ээж ээ” гэдэг үгүйг тодхон хэлдэг нэг л хүүхэд байв. Энэ академийн багш нарын хувьд хүүхэдтэй ажиллахаасаа өмнө мэргэжлийн сургалтад хамрагдсан мөн сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн туршлагатай хүмүүс гэж хэлж болно.

Манай улсад аутизмтай 800 орчим хүүхэд бий. Энэ хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй цэцэрлэг, сургууль хуруу дарам цөөн. Бараг л байхгүйтэй адил гэж хэлэхэд хилсдэхгүй. Бид тус аутизм болон бусад онцгой хүүхдүүдэд зориулсан академийг онцолж очсон нь энэ. Энэ академид нийт 11 хүүхэд хичээллэдэг. Ихэнхдээ 2-8 нас хүртэлх хэл ярианы согогтой аутизмтай багачууд явдаг гэнэ. Тус академийг хүний их эмч Б. Солонго үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь явуулаад сар гаруй болж байгаа юм.

Аутизмын талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Аутизм нь хүнд болон хөнгөн хэлбэрээр илэрдэг гэдгийг мэргэжлийн хүн онцолж байв. Хэрэв бага дээр нь мэдэж, эмчилж чадвал энгийн хүүхэд шиг байх боломжтой. Бид энэ үеэр тус академийн захирал, хүний их эмч Б.Солонгоос цөөн хэдэн асуултад хариулт авсан юм.

-Аутизмын талаар хаана мэргэжил дээшлүүлсэн бэ. Ийм төрлийн согогд ямар эмчилгээ хийгддэг вэ?

-АНУ-д хөгжлийн бэрхшээл болон аутизмын талаар голчилж судалсан. Мөн тусгай хүүхдүүдэд боловсролыг яаж сургах, энгийн сургуульд хэрхэн сургах, багшийн арга барилд ямар өөрчлөлт хийвэл илүү амжилттай суралцах, сургуулийн техник хэрэгсэл ямар байвал илүү хурдан хөгжих вэ гэдэг дээр анхаарлаа хандуулсан. ярьж чадахгүй хүмүүст зургаар болон технологийн дэвшил ашиглаж харилцаа орлуулах нэмэгдүүлэх хэрэгсэл, өөрийгөө илэрхийлэх гэсэн зүйлийг илүү сонирхож сурсан.

Үүнийгээ сургалтынхаа үйл ажиллагаанд голчлон хэрэглэж байна. Аутизмтай хүүхдэд зориулсан маш олон эмчилгээ байдаг. Мэргэжлийн түвшинд судлаад үзэхээр маш цөөхөн хувь нь үр дүнтэй гэж батлагдсан. Нотлогдсон 29 мянга гаруй эмчилгээнээс 98 хувь нь зан авир, зан үйлийн сэтгэлд суурилсан эмчилгээ байдаг. Үүнээс үр дүнтэй гэсэн зан авирын эмчилгээг илүү их ашиглаж сургалтаа явуулдаг. Хүүхдүүд сонсдог мөртлөө нэрээр нь дуудахаар хардаггүй, ойлгогдохгүй хөдөлгөөн хийдэг, дуу авиа гаргах, юм ярих гэж оролдох гээд олон үйлдэл гаргадаг.

-Аутизмтай болох гол шалтгаан нь юу вэ?

-Хамгийн сүүлийн судалгаагаар аутизим үүсгэж байгаа 104 орчим ген бий гэсэн дүгнэлт гарсан. Хүүхэд бүрэлдэж байхдаа ямар нэгэн аутизимын гентэй бүрэлддэг. Гэхдээ заавал аав, ээж нь аутизимтай бол хүүхэд нь тийм байна гэсэн ойлголт биш. Маш олон орчны нөлөө байгаа учраас, тийм ийм гэсэн нарийн шалтгаан тодорхойгүй юм. . Жишээлбэл, эмээ нь хожуу хүүхэдтэй болсон, эмээгээс гарсан ээж бага зэргийн аутизимын шинж тэмдэгтэй төрдөг. Ээж нь хожуу хүүхэд гаргахад жинхэнэ аутизимтай хүүхэд гарах өндөр магадлалтай.

Мөн орчны нөлөө маш их нөлөөлдөг. Дэлхийн 100 хүүхэд тутмын нэг хүүхэд нь аутизимтай төрдөг гэсэн судалгаа бий. Хамгийн их оношилж, илэрч байгаа улс нь АНУ юм. Манай улсад дээр үеэс аутизим гэж байсан. Тохиолдлын тоо нь бол одоо үед харагдахуйц их өсөж байгаа. Үүнд орчны нөлөө маш их нөлөөтэй утаа тоосжилт гэх мэт зүйлүүд нөлөөлж байна.

-Аутизмтай хүүхэдтэй аав, ээжид зөвлөгөө өгнө үү?

-Монголд ихэвчлэн эцэг эхчүүд муу юм бодохгүй байвал зүгээр гэж их тайвширдаг. Аутизмын талаар буруу ойлголттой маш олон аав, ээжүүд байдаг. Ийм төрлийн эмгэгтэй байвал ямар ч ирээдүйгүй гэж хардаг, тийм биш. Хамгийн гол нь эрт оношлуулаад, зөв зөвлөгөө, эмчилгээ хийгдэх юм бол хүүхэд хөгжих, энгийн байх нь цаг хугацааны асуудал юм. Хүүхэд маань аутизмгүй гэж цаг хугацаа их алддаг. Ингэх хэрэггүй, эрт оношлуулах хэрэгтэй. Мөн нотлогдоогүй эмчилгээ маш их хийдэг. Тухайлбал сошиалоос нотлогдоогүй зүйлийг сонсож, уншиж хүүхдэдээ туршиж үздэг.

Мөн заримдаа эрсдэлтэй, аюултай зүйлийг хүмүүс зөвлөж байгаа харагддаг. Аль болох нотолгоонд суурилсан зүйлүүдийг хэрэглээрэй гэж хэлмээр байна. Зан авирын хөгжил нь нотолгоонд суурилагдсан зүйл юм. Үүнийг заавал хийх хэрэгтэй. ямар нэгэн байдлаар хүүхдүүдээс хоцрогдсон нь мэдэгдэж байвал оношлуулаарай. Манайх зургаан аргаар хүүхдийг оношилдог. Дөрвөн цаг орчим эцэг, эхчүүдтэй хамтарсан сургалтыг зохион байгуулдаг.

Д.Чанцалдулам

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.