Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, “Хүйсийн тэгш эрх” ТББ хамтран хуулийн салбарын 40 гаруй төрийн албан хаагчдын дунд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогчид туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна.
Манай улсын хувьд хүн худалдаалах гэмт хэрэг ихэвчлэн бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгддэг гэнэ. 2019 оны есдүгээр сарын байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 34 холбогдогч, 77 хохирогч, 17 гэмт хэрэг илэрчээ. Хохирогчдын 26 нь хүүхдүүд байсан гэнэ. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 47 хувиар өссөн байна. “Хүйсийн тэгш эрх” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясах “Хүчирхийллийн төрөл, хэлбэр түүнийг тойрсон асуудлуудын талаар олон нийт тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон. Гэвч ойлголтоо нэгтгэхгүй бол урьдчилан сэргийлэлт тийм ч үр дүнтэй байхгүй.
Сургагч багш бэлтгэн гаргаснаар хүчирхийлэлд өртсөн иргэд хэнд хандахаа мэддэг болохын зэрэгцээ асуудлаа шийдвэрлүүлэх боломж нээгдэнэ. Мөн энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ гэж харж байгаа” хэмээн ярилаа. Сургалтад Өмнөговь аймаг болон Замын-Үүд сумаас тус тус найман хүн оролцож байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.