СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-09-19

Нийслэлд 70 гаруй цэгт ногоо зарж байгаа ч ногоочид борлуулах газар хайж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Намрын налгар өдрүүдэд эх орны хөрсөнд ургасан шинэхэн ногоо Нийслэл хотын өнцөг булан бүрт зарагдаж байна. Өдийд ногоо хамгийн хямдаар зарагддаг. Тиймээс махны үнэ дийлдхээ больсон энэ үед “Монгол шинэхэн ногоогоо ахиу хэрэглэж, махаа гамная” гэсэн хоржоонтой гэмээр яриа иргэдийн дунд яваад байгаа. Инээдтэй юм шиг боловч бодит байдал ийм байгаа нь үнэн. Тэгвэл “Монгол” гэж нэрлэгдэх хүнсний ногооны үнэ ханшийг сурвалжилхаар вокзалын хажууд байрлуулсан асар дахь ногооны бөөний худалдаанд очлоо. Тариаланчид бүтэн жилийн хөдөлмөр хөлсөө гарган ургуулсан ургацаа хураан нийслэл хотын иргэдэд борлуулахаар машин машинаар авчирч байлаа. Асарын хажуу дах машин замын нэгдүгээр эгнээнд дүүрэн ногоо ачсан ачааны машинууд дараалан зогсжээ. Машин бүрээс нэг эр шуудайтай ногоо үүрэн асар луу зөөнө. Худалдагч өөдөөс нь “дахиад нэгийг аваад ирээрэй” гэж орилно.

Шуудай шуудайгаар нь дэлгэн тавьсан шинэхэн ногоонууд өглөө бүр энэ байдлаар шинээрээ ирдэг гэнэ. Зах биш замын хажууд байрласан худалдаа гэхэд худалдан авагчид их байна. Өнгө өнгийн чинжүү, помидор, лууван, ааг нь үнэртэх шинэхэн сонгино гээд бүгдийг ар араас нь жирийлгэн тавьжээ. Мөн алаг салат, даршилсан шилтэй ногоонуудыг тавцан дээр өрсөн харагдана. Ажиглахад өглөөгүүр эндээс үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ногоогоо цуглуулдаг аж. Хэд хэдэн шуудайгаар нь худалдан авалт хийж байгаа харагдана. Манай хөрсөнд ургасан ногоо импортынхоос илт ялгардагыг бид сайн мэднэ. Яалт ч үгүй шим тэжээлийн хувьд илүү бас амт чанар сайхан байдгыг нуухгүй. Жижигхэн талбайд тойруулан барьсан цэнхэр асрууд дахь худалдагч нар бүгд завгүй. Хамгийн түрүүнд тааралдсан худалдаачнаас яриа авах гэтэл “Тэр эгч Сэлэнгийн Аварга тариаланч түүнээс ав” гээд зааж өгөв. Ингээд нүдээрээ инээсэн, тавь орчим насны, хөх биен тамирын хослолтой эгч угтан аваад яриагаа эхлүүллээ.

Сэлэнгийн тариаланч С.Отгонбаяр

 

“Манайх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хоёр га талбайд тариалан эрхэлдэг. Би 20 гаруй жил ногоо тарьж байна. Нарийн ногоо буюу юуцай бууцай, помидор, өргөст хэмхзэргийг хүлэмжид тарьдаг. Манайх нийт дөрвөн хүлэмжтэй. Төмс лууван байцааны ургацыг жилд нэг удаа авна. Бусад нарийн ногоог хүлэмжид тарьдаг болохоор жилд хоёр удаа авдаг. Энэ жил ногооний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад арай өндөр буюу 100, 200 төгрөгөөр илүү байна. Би анх Аварга тариаланч болж байх үед төмс нэг кг-ыг нь 150, лууванг 120 төгрөгөөр зардаг байсан. Жил ирэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь өнөөдрийн зарагдаж байгаа үнэтэй харьцуулахад мэдрэгдэж байгаа байх.

-Танайх ямар сортын үрээр тарьж, ямар бордоо хэрэглэдэг вэ?

-Манайх Монгол сортын үрээр тариалдаг. Бүх ногоондоо азотын бордоог бага хэмжээгээр хэрэглэдэг. Азотоор бордсоны дараа 3-4 удаа усалгаа хийж хүнсэнд хэрэглэнэ. Мөн ургамал хамгааллын бодисыг зохих хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ голдуу байцаанд хэрэглэдэг. Бусад ногоонд бараг хэрэглэдэггүй гэж хэлж болно. Жишээ нь помидор, салатны навч бол ерөөсөө хорхой иддэггүй ногоонууд шүү дээ. Жил бүр мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт хийдэг. Бас аймагтаа хөрс, ногоонуудаасаа дээж авч шинжилгээнд өгдөг. Тусгай зөвшөөрлийн бичиг баримт байгаа.

-Ногоо тарихад хүндрэл бэрхшээл хэр гардаг вэ?

-Байгалийн гамшигаас эхлээд хүндрэл их гарна. Жишээ нь хөрсөнд ил ургаж байгаа хулуу, тарвас гэх мэт ногоонууд мөндөрт цохиулаад цоохортчихно. Ногоон сонгино бас цагаарчихдаг. Энэ нь мөндөр, ширүүн бороо орсноос үүдэн ийм болдог. Зарим хүмүүс үүнийг өвчлөл гэж андуурдаг юм. Эсэргээрээ энэ бол жинхэнэ цэвэр монгол хөрсөнд байгалийнхаа замаар ургасан ногоо юм. Эрүүл ногоо гэж эх нутгийн хөрсөнд ургасан ногоог л хэлнэ шүү дээ. Хөдөө тариалан эрхэлдэг бид нэг хагалсан газраа жил болгон тариалдаггүй, атар газраа сэлгэж тарьдаг. Мөн тариаланд ажиллах ажилчин олддоггүй. Хоёр гурав хоног ажлаад орхичихдог. Бидний ажил тийм ч амар биш шүү дээ. Зуны улиралд өдөр бүр нар мандхаас өмнө дөрвөн цагт зэрлэгээ зулгаадаг. Тийм болохоор хүнд санагддаг байх. Ингээд арай хийж ногоогоо тарьж, арчилж, ургацаа хураасны дараа гардаг том бэрхшээл нь бүтээгдэхүүнээ борлуулах газар олддоггүй. Бидний энэ зогсож байгаа саравч есөн зуун мянган төгрөгийн түрээстэй. Уг нь үзэсгэлэн худалдаа гаргадаг л даа. Гэхдээ тэнд их хэмжээгээр ногоо борлуулах боломж муу байдаг. Ихэнх нь муудаж хаягддаг. Манай ногоочид бол их хэмжээгээр ногоогоо тарьж байгаа. Тиймээс бидэнд Барс захтай адил бөөндөж борлуулах тогтсон газар л хэрэгтэй байна. Барстай ойр байж л ногоогоо зарж байна. Ер нь тариаланчид ногоогоо борлуулахад л хамгийн их санаа зовнидог.

-Та ЖДҮДС эсвэл Тариалан эрхлэх сангаас зээл авч байсан уу, зээл авах боломж хэр байдаг вэ?

-Олон жил тарьсан болохоор өөрсдөө зохих хэмжээний багаж хэрэгсэлтэй. Тариалан эрхлэх сангаас дөрвөн хүлэмж босгох зээл авч байсан. Хүлэмжиндээ ногоо тариалж байгаа. Одоо хөдөлвөл мөнгө болсон цагт сайхан ургуулж, сайн арчилж хөдөлмөрлөсөн нь ашиг олно. Сайн хөдөлмөрлөхгүй л бол ашиг олохгүй шүү дээ. Зэрлэгээ зулгааж, усалгаа сайн хийх нь чухал, ногоо гэдэг өлгийтэй хүүхэд шиг л арчилгаа шаарддаг ажил шүү дээ” гэж ярилаа.
Үүнтэй зэрэгцээд ар араасаа шинэ ногоонууд буулгасаар байлаа. Хөдөөнөөс авчраад худалдаачидад өгдөг тариаланч байхад, өөрөө асараа бариад шууд худалдаалж байгаа нь ч мөн байсан юм. Тэдний нэг болох худалдаачин Д.Лхагваа ”Ургац хураагаад дуусч байгаа учраас бүх төрлийн ногоонууд хямд орж ирж байна. Хүмүүс манай худалдааг мэддэг болсон учраас худалдан авалт сайн байгаа. Манайх Төв аймгийн Угтаалцайдам сумаас ногоогоо авдаг. Нэг шуудай төмсийг 16-17 мянган төгрөгөөр зарж байна. Ямар ч байсан нэг айл нэг шуудай төмс аваад 20-иод хоног хэрэглэнэ гэж бодвол боломжийн үнэтэй гэж хэлж болно. Удахгүй хүйтэрхээр үнэд орж эхлэнэ. Хүмүүс зоорьлоод хавар хэдэн төгрөг олох гэж л хичээх байх” хэмээв. Биднийг ярилцаж дуусах үед ногоо авахаар ирсэн иргэнээс санал бодлыг нь сонслоо.

Худалдан авагч Д.Шагдар: “Бүх юмны үнэ нэмэгдээд байгаа энэ үед ногооны үнэ боломжийн санагдаж байна. Би өдөр болгон ногоогоо шинээр нь авч хэрэглэдэг. Ногоо бол хүмүүсийн яалт ч үгүй хүнсний чухал хэрэгцээ мөн. Би өнөөдөр манжин, лууван, байцаа аваад явж байна” гэж хэлсэн юм. ингээд цааш явж байгаад ачааны машин дүүрэн шуудайтай ногоо ачсан махлаг бор ах худалдаачдад луувангаа авчирч байхад надад хандан

Ногоочин Э.Шагай: “Манайх Сэлэнгийн Зүүнхараад тариалан эрхэлдэг. Нийт нэг га 50 шоо метр талбайд лууван тариалдаг. Монгол сортын лууван нэг шуудайг нь 13000 төгрөгөөр худалдаачидад зарж байгаа.Ногоогоо борлуулах гээд авчирсан боловч асуудалтай зүйл их байна. Машин тэрэг тавих газар ч алга. Ороод зогсох гэхээр таван машин орох хэмжээтэй газар шүү дээ. Өглөөгүүр цагдаа нар нэгдүгээр эгнээнд зогслоо гээд хөөж тууж байна бас торгуулсан. Борлуулалт хийхэд хүндрэлтэй байна. Өглөө болгон ногоогоо авчирч байгаа хүмүүсийн үйлийг үзэж байна. Ногоогоо борлуулах тал дээр арга хэмжээ авч тусгай газар гаргаж өгвөл зүгээр байна. Би бас тариалангаа өргөжүүлэх зорилготой Тариалан Эрхлэх сангаас зээл авах гэж төсөл бичиж үзсэн. Над шиг хүнд олдохгүй юм байна. Зарим хүний яриагаар мөнгөтэй төгрөгтэй хүмүүс нь л авдаг гэх юм . Гэхдээ яахав өөрийнхөө бор зүрхээр болгож л явна. Миний хувьд ногоо тарихдаа ямар нэгэн бодис хэрэглэж үзээгүй. Үхрийн баасаар бордож, өөрийнхөө аргаар тарьдаг. Ямар нэгэн гадны бодис хэрэглээгүй эх орныхоо хөрсөнд тарьсан эрүүл ногоог ард түмэндээ хүргэхээр хичээж явна даа” гэж ярьсаар цааш явлаа.

Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын дунд 54.6 мянган тонн төмс, 118.3 мянган тонн хүнсний ногооны хэрэгцээ бий гэсэн судалгаа байдаг. Энэ хэрэгцээг хангахаар нийслэл хотод 70 гаруй цэгээр 600 орчим ногоочид ногоогоо худалдаалах зөвшөөрөл авсан байна. Эдгээр нь нийслэл хотын иргэдийн хэрэгцээний төмсийг 100, хүнсний ногооны 54 хувийг хангаж, үлдсэнийг импортоор оруулж ирдэг аж.

Э.Болор

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.